ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 37 мин

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.07) хуралдаанаараа эхлээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг үргэлжлүүлэв.

Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн төслийн талаар танилцуулсан. Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авах үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хэлэлцүүлэг гишүүдийн асуултаар үргэлжиллээ. Г.Лувсанжамц гишүүн, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулахаар 31 сургууль, 9 цэцэрлэг барихдаа нийслэлд 17 сургууль, 1 цэцэрлэг, орон нутагт 15 сургууль, 8 цэцэрлэг байгуулахаар төлөвлөснийг өөрчлөх саналтай байгаагаа хэллээ. Тэрбээр улсын хэмжээнд ачаалал нь хэтэрсэн сургууль, цэцэрлэгийн судалгаанд үндэслэн нийслэлд 25 сургууль, 4 цэцэрлэг, орон нутагт 7 сургууль, 5 цэцэрлэг  барих нь зүйтэй хэмээн тооцсон байна. Уг саналтай холбогдуулан Сангийн сайд, Боловсролын сайд нар холбогдох тайлбарыг хийж, Улсын Их Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. Г.Очирбат гишүүн зээлийн хэмжээ, бүтцийг тодотгоод, нийт зээлийг нөхцөлийг хөнгөлөлттэй болгох талаар судалсан эсэхийг тодруулж, Сангийн яамнаас хариулт авав. Зээлийн ерөнхий хэлэлцээрийг хийж байгааг Б.Жавхан сайд онцлоод “Ерөнхий хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон баталсны дараа төсөл бүрээр тусгайлан хэлэлцээрт орно. Тэр үед хэлэлцээрийн эцсийн магадлан хийгдсэн дүн Азийн хөгжлийн банкнаас тавьдаг шаардлага, дүрмийн дагуу тогтоогддог” гэлээ.

 

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтолцоог орчин үеийн технологид суурилсан бэхжүүлэх, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх гэж байгааг Б.Уянга гишүүн тэмдэглэв. Үүнийг нягтлан 20 сая ам.долларын задаргааг тодруулж, зөвхөн хөдөө аж ахуйн салбарт хэмээн төлөвлөсөн талаар тодрууллаа. Хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн дутагдлыг арилгах чиглэлээр богино хугацааны сургалтуудыг хийх, түүнд шаардлагатай дадлагын орчныг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглон бий болгох мэргэжлийн болон политехникийн коллежийн дэд бүтцийг сайжруулах боловсролын салбарын төсөл болохыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тайлбарлаад, холбогдох задаргааг дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ төрлийн хэлэлцээрийг урт хугацаанд хийж, өнөөдрийн түвшинд хэлэлцдэг болохыг Б.Тулга гишүүн хэлээд, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс хэрэгжих дөрвөн төслийн нэг болох аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах эрчимжүүлэх төслийн талаар Ж.Чинбүрэн сайдаас, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулжхүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах төслийн хүрээнд Б.Наранбаяр сайдаас асуулт асууж, холбогдох тайлбар, хариултыг авсан. Байнгын хорооны дарга Р.Сэддорж зээлийн хүү, хугацааны талаар тодруулсан юм.

Азийн хөгжлийн банктай байгуулах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн 475 сая ам.долларын зээлийн эх үүсвэр нь хоёр өөр төрлийнх хэмээгээд ажлын хэсгээс “243.8 сая ам.доллар нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэр, зээл нь тогтмол 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. 231.2 сая ам.долларын зээл нь энгийн эх үүсвэрийн зээл бөгөөд зээлийн хүүнээс SOFR дээр нэмэх нь 0.6 хувийн хөвөгч хүүтэй. SOFR  өнөөдөр 4.2 хувь байгаа, үүн дээр 0.6 хувь нэмэхээр 4.8 хувийн хүүтэй зээл. Хугацааны хувьд 25 жил, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй” хэмээн хариулсан. Монгол Улс нөгөө буурай орныхоо ангиллаас гараад, хөгжиж байгаа орны ангилалд орчихсон учраас цаашид нэн хөнгөлөлттэй зээл олдох магадлал буурна гэдгийг Сангийн сайд нэмж тайлбарлаад, энэ удаа холимог нөхцөлтэй ийм хэмжээний зээл авч байгаа нь нэг талдаа сайн үзүүлэлт болохыг тайлбарласан.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүний 15 нь 65.2 хувийн саналаар дэмжсэн тул санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Хуралдааны төгсгөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкын ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төслийн талаар танилцуулав. Эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дунд хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нь өнгөрсөн жилийн мөнгөний бодлогыг боловсруулахад чухал зарчим, зорилт болж байсныг тэрбээр дурдаад “Энэ удаа ч бодлого, үйл ажиллагааг төлөвлөхөд энэхүү зорилт нь улам бүр ач холбогдолтой болж байна. Дэлхий нийтэд цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоо, хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөлд байдалтай уялдуулан эдийн засгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд хадгалах, бэхжүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсрууллаа” гэлээ.

Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж оны эхний хагаст 5.6 хувиар өссөн байна. Үүнд өнгөрсөн өвөл тохиосон зудын нөлөө арилж, хөдөө аж ахуйн салбар оны эхний хагаст 35.6 хувиар өссөн нь нийт өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлсэн байна. Төмөр зам, орон сууцны барилгын ажил идэвхжиж, барилгын салбар 25.2 хувиар, үйлчилгээний салбар 4.5 хувиар өссөн эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ.

 

Төв банкны төсөөллөөр энэ оны сүүлийн хагаст зэсийн олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжих зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Улмаар эдийн засгийн өсөлт 2025, 2026 онд 5-6 хувиар тогтвортой өсөх хүлээлттэй байгаа гэв. Инфляцыг бууруулж, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч инфляц энэ оны 2-7 дугаар сарын хооронд буурсан хэдий ч 8 дугаар сард дотоодын хүнсний үнийн нөлөөгөөр бага хэмжээгээр нэмэгдсэн болохыг танилцуулгад дурдав. Ирэх саруудад хүнсний үнийн нөлөөгөөр инфляц эрчимжиж болзошгүй байгаа ч цаашдаа алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох хүлээлттэй байгаа гэлээ.

Түүнчлэн төлөвлөсөн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлага хэвээр байгааг тэмдэглэв. Дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх нь эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдах, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэйг дурдсан. Инфляцын зорилтыг хангахад мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг технологийн шийдлүүд ашиглан шуурхай шийдвэрлэх, улмаар ахиц дэвшил гаргахад анхаарч ажиллах нь чухал байгааг онцоллоо. Мөн гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийг тогтворжуулах нь үнийн савлагааг бууруулж, иргэд, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын бодит орлогыг хамгаалсан нам, тогтвортой түвшний инфляцын орчин бүрдүүлэхэд суурь болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав.

Дэлхий дахинд худалдааны бодлого, улс орнуудын харилцаа хурдтай өөрчлөгдөж байгааг тэрбээр дурдаад “Энэ нь глобал эдийн засгийн төлөв манай улсын гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Нүүрсний экспортын орлого оны эхний 8 сард өмнөх жилийн мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор багассан нь үүний илрэл болж байна. Гадаад худалдааны эргэлт саарч, урсгал дансны алдагдал тэлж буй энэ үед Засгийн газар, банкнууд болон хувийн секторын гадаад зээл, бондын эх үүсвэр нь гадаад валютын дотогш дотогшлох урсгалыг тэтгэж байгаа” гэв.

 

Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөө нь эрдэс бүтээгдэхүүний үнэ, улс орнуудын тарифын бодлого, худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарна гэдгийг танилцуулгад дурдсан. Манай улсын гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт цаашид саарах хүлээлттэй байгааг дурдаж байв. Улмаар нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөв өөдрөг биш байгааг тэмдэглэлээ.

Экспортын орлого буурч буй энэ үед макро бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлж, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах нь нэн чухал гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо. Түүнчлэн аливаа томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гадаад валютын нөөцөд нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр хэрэгжүүлэх нь чухал гэлээ.

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа нам, тогтвортой инфляцын орчныг бүрдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зээлийн нөхцөлийг эрэлт, нийлүүлэлтийг талаас нь судалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, бүтээгдэхүүний нэр, төрөл, хүрээг өргөжүүлэхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлоход онцгойлон анхаарсан гэв. Сүүлийн жилүүдэд нэмэгдээд буй геополитикийн хүндрэлээс үүдэн гадаад эрэлт саарах, экспортын гол түүхий эдийн үнэ хүлээлтээс хурдтай буурах зэрэг нь манай улсын экспортын орлого, валютын дотогшлох урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг танилцууллаа. Түүнчлэн нефтийн нийлүүлэлт саатах, цаг агаарын нөхцөл муудан, өвөлжилт хүндрэх, өвлийн улиралд эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдал үүсэх зэрэг нь инфляцыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжилийг сааруулах эрсдэлтэй гэлээ.

 

Гадаад, дотоод эрсдэл өндөр, тодорхой бус байдал өндөр байгаа ч Монголбанк ирэх жилийн инфляцыг 6 (2) хувийн интерваль тогтворжуулж, 2027 оноос зорилтын голчийг 5 хувь болгож бууруулахаар мөнгөний бодлогоо үндсэн чиглэлд тусгажээ. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг, төсвийн мөчлөг сөрсөн бодлого голлох үүрэгтэй гэдгийг онцолж байв.

Банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхбизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. Технологийн шинэчлэл, цахим шинэчлэлтийн эрин үед санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөр тооцооны дэвшилт арга хэрэгслүүд хурдтай нэвтэрч Төв банкны үйл ажиллагаа ч дижитал шилжилтэд хөл нийлүүлэх шаардлагатай болж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дурдсан. Иймээс үндэсний төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин ажиллахаар зорьж байгаа гэв. Түүнчлэн санхүүгийн системийн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, төгрөгийн ханшийг уян хатан тогтоох зарчим, олон нийттэй харьцах үйл ажиллагаа болон банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлогыг шинэчлэхээр төсөлд тусгажээ.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Пунсалмаа, Э.Батшугар нар асуулт асууж, Монголбанкын ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хариулт авч, төсөлтэй холбогдуулан үг хэлсэн.

Дараа нь Байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь зүйлийг үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх  санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.