Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны талаар ахмадуудад танилцуулав
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-04

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулсан ээлжит уулзалтад өнөөдөр /2025.11.04/ оролцож салбарынхаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүн, дэмжигч ахмадуудад цаг үе, тухайн салбарын мэдээллийг өгөх зорилгоор 14 хоног тутамд зохион байгуулдаг уулзалтын 18 дахь нь энэ юм. Уулзалтад Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, Батлан хамгаалахын сайдын зөвлөхүүд оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарынхаа өнөөгийн байдал, онцлох бодлого, хууль, тогтоомж, түүний хэрэгжилт, алба хаагчдын нийгмийн хамгааллын талаар авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүд, энхийг сахиулагчдын талаарх бодлого зэргийг ахмадуудад товч танилцууллаа.

Манай улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 мянган алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ. Монгол Улс дэлхийн 39 оронтой цэргийн хамтын ажиллагаатай ажилладаг байна.

Батлан хамгаалахын салбарт хамгийн сүүлд л гэхэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бүрэлдэхүүнд олгодог томилолтыг Засгийн газраас нэмэгдүүлсэн гэдгийг сайд онцлов. Ингэснээр нэг энхийг сахиулагчид олгох томилолтын мөнгө зургаан сая төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.

Мөн дотоодын цэргийн ангиуд 2019 оноос эхлэн стратегийн томоохон бүтээн байгуулалт болох хүнд даацын автозам, төмөр замын ажилд голлох үүрэгтэй оролцсоор байгаа зэрэг салбарынхаа онцлох ажлуудаас сайд дурдлаа.Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас сонирхсон асуултдаа хариулт авч, мөн санал хүсэлтээ хэлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.