Маргааш /2025.11.11/ Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр.
Намрын адаг сарын 22-ны өдөр Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар Сүмж-засумын орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргэн 33 тэнгэрийн орноос эргэж замбуу тивд залран ирсэн хэмээдэг.
Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэн, хилэнц нүглийг тэвчиж, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг ёстой. Тиймээс маргааш МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр буюу билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22-нд сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана.
Насны авшиг нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм.
Мөн МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл "Асрал энэрэлийн сэтгэлийг хөгжүүлэхүй" илтгэлийг нийт сүсэгтэн олонд тавих гэж байна. Асрал энэрэлийн сэтгэл нь бусдад тусалж, өрөвдөж, хайрлаж хүн бүрийг дотноор хүндэтгэж аж төрөх уужим сэтгэл юм.