НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-11-21

 Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа. НИТХ-ын дарга А.Баяр ирэх оны нийслэлийн төсвийг хуулийн хугацаанд хэлэлцэж, алдагдал багатай, олон томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхүйц төсвийн төсөл болсон гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. 

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Тус хуулиар нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөгөөр баталсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн үндсэн 5 бодлогыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь чиглүүлж, энэ хүрээнд Туулын хурдны зам, Метро, Сэлбэ 20 минутын хот орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг газар чөлөөлтийн зардлын хамт тусгажээ. Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн барилга байгууламж, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн чиглэлд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай онцоллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.