Өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг, ялангуяа хүн худалдаалах эрсдэлээс хамгаалах ур чадвар олгох "Ухаалаг хөтөч", "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой", "Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал" хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, өнөөдөр дараагийн шат руу шилжлээ.
2022 оноос хойш нийслэлийн ЕБС болон МСҮТ-ийн 100 өсвөрийн клуб байгуулагдаж, тогтвортой байдлын хүрээнд 21 шинэ клуб нэмэгдсэн. Эдгээр хөтөлбөрүүд нь хүүхдүүд өөрсдийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх олон улсын түвшний аргачлал юм.
Баянгол дүүргийн 13-р сургууль дээр байгуулсан шинэ танхимыг оролцуулан доорх таван сургууль клубийн орчинтой болоод байна. Үүнд:
• БГД 13-р сургууль
• БЗД Амгалан цогцолбор
• БЗД 79-р сургууль
• СХД 104-р сургууль
• СБД Эрдмийн хөтөч сургууль
Нээлтийн үеэр төлөөлөгчид хүүхдэд зориулагдсан аюулгүй орчны үнэ цэнийг онцлов.
БЕГ-ын дарга Т. Ням-Очир “Хүүхдэд зориулагдсан орчин хамгийн чухал. Итгэдэг, мэргэжлийн хүнтэй таарах үед хүүхдүүд өөрт тохиолдсон асуудлаа ярьж чаддаг” гэв.
ДЗМОУБ-ын захирал Б. Болорцэцэг “Хүүхдийг хамгаалах үүрэг томчуудад байгаа ч хүүхдүүд өөрсдөө мэдлэг, чадвартай бол үр дүн илүү сайжирна” гэдгийг онцоллоо.
АНУ-ын ЭСЯ ны Улс төрийн хэлтсийн ажилтан М. Номинцэцэг “Хүүхэд хамгаалал бол ардчиллын нэг хэсэг. Клубийн ажил үүнтэй шууд холбоотой” хэмээн тодотгов.
Нээлтийн арга хэмжээнд АНУ-ын ЭСЯ, БЕГ, ХГБХХЕГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Азийн Сан, Анбаунд Монгол ТББ болон сургуулиудын төлөөлөл 70 гаруй хүн оролцлоо.
Энэ клуб Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын хамтын ажиллагаанд тулгуурлан Азийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хамтран хэрэгжүүлж буй Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн нэг хэсэг юм.
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14