УБЦТС ТӨХК нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 517,758 хэрэглэгчтэй байна. Эдгээр хэрэглэгчдийн тоолуурын заалтыг бичих, төлбөрийн нэхэмжлэлийг илгээх, төлбөр цуглуулах, төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх ажлыг компанийн ажиллах хүчний нөөц бололцоотой уялдуулан борлуулалтын 6 циклд хуваан явуулдаг.
Өөрөөр хэлбэл, хэрэглэгч бүрийн төлбөр төлөх хугацаа харилцан адилгүй. Төлбөрийн нэхэмжлэл илгээгдсэнээс хойш тухайн хэрэглэгчид төлбөр төлөх 10 өдрийн хугацаа байдаг ба 11 дэх өдрөөс хэрэглээг нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн зөрчлийг арилтал түдгэлзүүлэх арга хэмжээ авдаг.
Хэрэглэгч хэддүгээр циклд хамрагдаж байгаагаа "Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ"-ний 2 дугаар хавсралт, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээс тус тус харах боломжтой.
Жич: Нэхэмжлэл болон төлбөрөө төлөхийг сануулсан мэдэгдэл мессэжүүдийг гэрээнд бүртгэлтэй утсанд илгээдэг бөгөөд түдгэлзүүлэх ажлыг электрон тоолуур бол ажилтан очиж, ухаалаг тоолуур бол алсаас гүйцэтгэдэг.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14