2025 оны гуравдугаар улирлын байдлаар иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл 25.3 их наяд төгрөгт хүрч, сүүлийн таван жилийн хугацаанд 2.7 дахин өсөөд байна. Үүний дотор хэрэглээний зээлийн үлдэгдэл 13 их наяд төгрөгт хүрч, 2.2 дахин нэмэгдсэн нь иргэдийн орлогын өсөлтөөс 4–5 дахин хурдтай тэлсэн үзүүлэлт болж байна. Эдгээр тоон мэдээлэл нь хэрэглээний зээлийн өсөлт энгийн өсөлт бус, харин Монгол Улсын нийт өрхийн санхүүгийн зан төлөв хуримтлалд бус, зээлд тулгуурласан хэв маягт шилжсэнийг илтгэж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Хэрэглээний зээлийн зориулалт, зарцуулалтын статистикаас харахад нийт зээлийн 50-иас дээш хувь нь урьдчилгаа төлбөргүйгээр цахилгаан бараа, ухаалаг гар утас, компьютер зэрэг хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагдсан байна. Энэ нь иргэд, банк санхүүгийн байгууллага, лизенгийн компаниудаас давахр зээл авах, улмаар өрхийн дарамтад орох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэрэглээний зээлийг бууруулах, өрийн дарамтыг багасгах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өр, орлогын харьцааг тогтоосон байдаг бол Монголбанк 50 хувь байсныг 45 хувь болгож чангатгасан шийдвэрийг гаргасан.
Харин Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн давхар зээлийн эрсдэлийг бууруулах, ялангуяа цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардлыг хязгаарлах чиглэлээр холбогдох журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна. Тус журмын төсөл батлагдсанаар иргэдийн өрийн дарамт буурах, санхүүгийн сахилга бат сайжрах, зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвших, иргэдийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Санхүүгийн зохицуулах хороо нь энэхүү журмын төслөө олон нийтэд нээлттэйгээр танилцуулж, иргэд, зах зээлийн оролцогчдоос санал авч байгаа бөгөөд иргэд доорх холбоосоор дамжуулан төслийн агуулгатай танилцаж, саналаа илэрхийлэх боломжтойюм байна.
Холбоотой мэдээ
-
3 цаг 48 мин
-
2026-01-15
-
2026-01-14