БНХАУ ОЙ, БЭЛЧЭЭР, ЦӨЛЖИЛТИЙН МОНИТОРИНГИЙГ ХИЙМЭЛ ДАГУУЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН НЭГДСЭН СИСТЕМЭЭР ХЯНАЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 24 мин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.01.22) БНХАУ-ын Үндэсний ой аж ахуй, бэлчээрийн агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус агентлагаас ой, бэлчээр, намгархаг газар, цөл, зэрлэг ургамал зэрэг экосистемийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хиймэл дагуулын зайнаас тандан судалгаа, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, мэдрэгч, мобайл технологид суурилсан дэвшилтэт платформоор бодит цагийн горимоор хянаж, удирдаж буйгаа танилцууллаа.

Тус агентлаг нь нэгдсэн мониторингийн системийн хүрээнд ой, бэлчээр, намгархаг газар, цөл, зэрлэг ургамал гэсэн таван төрлийн экосистемийн хамгаалалт, ашиглалтын байршил, өнөөгийн нөхцөл байдал, өөрчлөлтийг нэг дороос харах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн талаар гурван илтгэл мэдээлэл танилцууллаа.Бэлчээрийн менежмент: БНХАУ бэлчээрийн менежментийн суурь болсон суурь шугамын мэдээллийн системийг 2018 оноос нэвтрүүлсэн байна. Улсын хэмжээнд бэлчээрийг газарзүй, экологийн онцлогоор нь долоон бүсэд хувааж, байгалийн бэлчээрийг 18 төрөлд ангилжээ. Эдгээрээс Альпийн нуга, Альпийн хээр, дунд бүсийн хээр, цөлийн хээр зэрэг нь нийт бэлчээрийн 70 орчим хувийг эзэлдэг.

Бэлчээрийн ургамлын бүрхэцийг тодорхойлох 300 гаруй зайнаас тандан судалгааны загвар боловсруулж, 18 мянга гаруй сорьцын талбайг жил бүр хянадаг байна. Мөн ӨМӨЗО, Чиньхай, Ганьсу зэрэг бүс нутагт суурилуулсан 30 мянга гаруй мэдрэгч станц нь хөрс, агаар, ургамалжилтын мэдээллийг бодит цагт дамжуулж байна. Элсжилт, цөлжилт: Тус мониторингийн систем нь хиймэл дагуулын зураг болон газар дээрх баталгаажуулалтыг хослуулсан байдлаар ажилладаг байна. 2019-2024 оны хооронд хуримтлагдсан 50 гаруй хэсэг газрын зураг нэгтгэгдэж, элсжилт, цөлжилтийн тархалт, өөрчлөлтийг нэг нэгдсэн зураглал дээр харуулдаг болжээ.

2024 оны судалгаагаар Хятадын элсжсэн газрын хэмжээ 2.56 сая км² (26.7%), цөлжилтөд өртсөн талбай 1.67 сая км² (17.5%) байна. ӨМӨЗО-ны Хөвчийн цөлд хэрэгжүүлж буй нарны цахилгаан станцын төслүүд нь цөлжилттэй тэмцэх арга хэмжээг сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэлттэй уялдуулсан жишээ болж байна. Ойжуулалт, өвс тариалалт, нөхөн сэргээх хаалтын арга хэмжээ нь цөлийн бүсийн газрын тогтвортой байдлыг бодитоор сайжруулжээ.

Мөн Элс, тоосны шуурганы гамшигт зориулсан эрт сэрэмжлүүлэг, шуурхай хариу арга хэмжээний платформыг нэвтрүүлж, мужийн байгууллагуудтай мэдээлэл солилцож эхэлсэн байна. Тус систем нь хиймэл дагуулын өгөгдлийг ашиглан 5 минут тутмын давтамжтай мониторинг хийж байгаа аж. 2023 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын өмнөд хэсэг, ӨМӨЗО-оос үүссэн тоос, элс хэрхэн бүс нутгаар дамжин тархсаныг бодитоор баримтжуулсан талаарх мэдээллийг өгч байв.

Зэрлэг амьтад: Өнөөдрийн байдлаар тус улс Үндэсний Байгалийн цогцолборт газруудад 20,000 гаруй инфра камер суурилуулж, 30 гаруй зүйлийн зэрлэг амьтдын хөдөлгөөнийг бүртгэж байна. Тухайлбал, бар, ирвэсийн хөдөлгөөнийг ухаалгаар таньж, хянах систем ажиллаж байна. Мөн анх удаа хулсны баавгайн үржлийн үе, бамбарууштайгаа хамт яваа бичлэгийг инфра камераар баримтжуулсан нь байгаль хамгааллын мониторингийг шинэ шатанд гаргасан хэмээн тодотголоо. Ой, бэлчээр, цөлжилт, биологийн олон янз байдлын бүх мэдээллийг нэгтгэсэн энэхүү нэгдсэн систем нь байгаль хамгааллын бодлого, шийдвэрийг шинжлэх ухаанд суурилсан, ил тод, үр ашигтай гаргах нөхцөлийг бүрдүүлж, байгаль орчны салбарын удирдлагын шинэ жишиг тогтоож байгааг онцлон дурдав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.