УИХ-ын гишүүд Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН машин өгчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 28 мин

УИХ-ын Гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын Гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн хамт Налайх дүүргийн Эрүүл Мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, ярилцлаа.

Уулзалтын хүрээнд НЭМГ-аас Налайх дүүргийн ЭМТ-д 214 сая төгрөгийн үнэ бүхий HYUNDAI STARIA маркийн түргэн тусламжийн шинэ автомашиныг гардуулан өглөө.

Эрүүл Мэндийн сайд Ж.Чинбүрэн Налайх дүүргийн ЭМТ-д нэн шаардлагатай нярайн амьсгалын аппарат, нярайн СРАР, унтуулгын аппарат, зөөврийн ЭХО, эрчимт эмчилгээний хяналтын монитор,  амьсгалын CO2 хэмждэг аппарат, бартаат зам туулах чадвар сайтай автомашиныг тус тус шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.

Налайх дүүргийн ЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд 2025 онд 23 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд жилд дунджаар 40 гаруй мянган хүнд хүрч ажилладаг.

Эрүүл мэндийн байгууллагууд 2023 оноос гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш НД, ЭМД-д өр төлбөрүүд үүсэж, санхүүгийн хувьд хүндрэлтэй ажиллаж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд бодлого, зохицуулалт хэрэгтэй байгааг уламжилсан юм.

Алслагдсан дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах, эрт илрүүлэг оношилгоог тогтмол зохион байгуулах, эм ханган нийлүүлэлтийг таслалдуулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатайг эмч нар онцоллоо.

Засгийн Газраас 2027 оныг ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарлаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч ажилчдын нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг Эрүүл Мэндийн Сайд Ж.Чинбүрэн танилцууллаа. Мөн 2026 оны 1 дүгээр сарын 01-нээс Эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 30 хувиар, 09 дүгээр сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэгдүүлж, цаашид 3.000.000 төгрөгт хүргэхээр болсон зохицуулалыг эмч нарт тайлбарлалаа.

Эрдэнэт хүний амийг аврахын тулд цаг наргүй, хором мөч бүртэй уралдаж ажилладаг эмч нарын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд анхаарч ажиллах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.