ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володины урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал тэргүүтэй УИХ-ын төлөөлөгчид Москва хотноо хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлал нь Ням-Осорын Учрал Улсын Их Хурлын даргаар сонгогдсоноос хойших анхны гадаад албан ёсны айлчлал юм.
Монголын парламентын төлөөлөгчдийн албан ёсны айлчлал 2 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал нарын хоёр талын уулзалт зохион байгуулагдаж, Орос–Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн ОХУ-ын Холбооны Хурал болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын хоёр дахь хуралдаан болно. Хуралдаанаар хоёр улсын хамтын ажиллагааг төрөл бүрийн салбарт хууль тогтоомжийн хүрээнд хангах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. ОХУ-ын Төрийн Думаас Монгол Улсын парламенттай харилцах асуудлыг Төрийн Думын дэд дарга Алексей Гордеев хариуцан ажиллаж байна.
Энэхүү комисс нь Орос–Монголын харилцан ажиллагааны үр дүнтэй хэлбэрүүдийн нэг болж байна. Комиссын анхны хуралдаан 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, эдийн засаг, санхүү, банк хоорондын хамтын ажиллагаа, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих асуудлуудыг хэлэлцэж байсан юм хэмээн ОХУ-ын хэвлэл мэдээллэжээ.
-
1 цаг 40 мин
-
2026-02-06