Н.УЧРАЛ: 2028 оны сонгуульд нэр дэвшигчдэд ёс зүйн өндөр стандарт, код тавина
Батхуяг
/
2 цаг 25 мин

Төрийн ордонд "Улс төрийн намын хөгжил: Асуудал, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад орчин үеийн улс төрийн хүчин, улс төрийн байгууллагууд үүсэж хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд төр, намын зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, намын төлөвшил, шинэчлэлийн талаар хэлэлцлээ.

Хурлыг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал үг хэлэхдээ, 105 жилийн тэртээ МАН анхдугаар их хурлаа хийж, үндэсний ардчилсан үзэл баримтлал дээр суурилсан зорилгоо тодорхойлж байсныг онцлов. Тэрээр өнөөгийн улс төрийн намууд технологийн дэвшил, хиймэл оюун ухааны эринд дасан зохицож, гишүүнчлэлийн бодлогоо уян хатан болгох зайлшгүй шаардлага тулгарч байгааг тэмдэглэсэн юм.

УИХ-ын даргын зүгээс МАН-ын 31 дүгээр Их хурлаас дэвшүүлсэн "Гишүүн төвтэй нам" болох шинэчлэлийн стратегийг танилцууллаа. Энэхүү шинэчлэлийн хүрээнд "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" буюу эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөлтийг хэрэгжүүлэхээр зорьж байгааг дурдав.

Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийсэн шинжилгээгээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуулийн 228 нь хүний эрх, эрх чөлөөг ямар нэг байдлаар зөрчиж байгааг илрүүлсэн бөгөөд цаашид Үндсэн хуулийн зөрчилтэй нэг ч хуулийг УИХ-ын босго давуулахгүй байх зарчим баримтлахаа мэдэгдлээ.

Түүнчлэн улс төрийн намуудын ёс зүй, хариуцлагын асуудлыг хөндөж, 2028 оны сонгуульд нэр дэвшигчдэд ёс зүйн өндөр стандарт, код тавихаа онцлов. Намууд санхүүжилтээ ил тод болгож, бодлогын институц болон төлөвших нь Монголын ардчиллыг бэхжүүлэх үндэс суурь болохыг тэрээр уриалсан юм.

Улс төрийн шинжлэх ухааны холбооны төлөөллүүд дэлхий дахинд ардчиллын ухралт, намуудад итгэх иргэдийн итгэл сулрах хандлага ажиглагдаж байгааг судалгааны үндсэн дээр тайлбарлалаа. Намууд зөвхөн сонгуулийн мөчлөг дагасан түр зуурын эвсэл бус, үзэл санаа, үнэт зүйл дээр тогтсон бодлогын байгууллага байх ёстойг судлаачид сануулж байна. Мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан "Дижитал нам" болон төлөвших нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шинэ гарц болохыг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн зөвлөмж боловсруулж, парламентад суудалтай намууд болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Энэхүү арга хэмжээг Монголын улс төрийн шинжлэх ухааны холбоо, Сонгуулийн ерөнхий хороо болон Стратеги академи хамтран зохион байгуулсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.