Улсын Онцгой комиссын гишүүний хувьд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Дорнод аймагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, иргэд, малчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна.
Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал болон сумын онцгой комиссын гишүүдийн хамт байгалийн гамшигт үзэгдэл хүчтэй цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн Халхгол сумын иргэдийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийллээ.
Элбэрэлт хань, аав, ээжээ алдсан гэр бүлийнхэнд нь дахин гүн эмгэнэл илэрхийлж байна.
Монгол Улсынхаа нийт иргэд, малчин түмэндээ эрүүл байж, энэ хаврыг өнтэй давж, урин цагаа угтахыг ерөөж байна.
Бид цаашид малчдынхаа сэтгэлзүйн онцлог, амьдрал ахуйг сайтар ойлгож, бүс нутгийн онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс, олон талт хэлбэрээр авч, малчин түмнээ бүхий л мэдээллээр сайтар хангаж байх учиртай.
Тухайлбал, Зүүн бүс нутагт салхи ихтэйгээс шалтгаалж цасан шуургатай, хээрийн түймрийн эрсдэл нэн ихтэй, тэр дундаа Халхгол нутаг бол Хянганы нурууны баруун үргэлжлэлд оршдог, цас, бороо маш ихээр унадаг онцлогтой газар нутаг.
Говь, талын бүсэд хүчтэй салхи шуурга болон хээрийн түймрийн аюулаас сэргийлэх, мэргэжлийн ангийн томилгоот явуулын бүлгийг хавар, намрын улиралд тогтмол ажиллуулах, усны ослоос сэргийлэх тэмдэг тэмдэглэгээ нөлөөлийн ажил зохион байгуулах нь нэн чухал юм.
Энэ талаар аймаг, сумын Онцгой комиссынхон, холбогдох албаныханд зөвлөмж өглөө.
Цаашид бүс нутгийн онцлогт тохируулж малчдыг битүү хашаатай болоход нь, малын тэжээл тариалахад нь, өндөр ашиг шимт эцэг малтай болоход нь бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно.
Холбоотой мэдээ
-
9 цаг 11 мин
-
13 цаг 52 мин
-
2026-03-06
-
2026-03-03