Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхэллээ
Үйл явдал
/
1 цаг 43 мин

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  3. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт:

УИХ-ын дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэж заасанд нийцээгүй; түүнчлэн тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, эдгээр зохицуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг гаргасан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.