Р.СЭДДОРЖ: Хүүхдүүдээ хооллож чадахгүй байж том том төсөл ярихаасаа улс төрчид ичих хэрэгтэй
Д.Оюунболд
Ярилцлага
/
2 цаг 38 мин

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцсан говийг усжуулах төсөл болон хүүхдийн үдийн цайны хөтөлбөрийн талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу 

Монгол улсын эдийн засгийг бүрдүүлдэг уурхай үйлдвэрүүд ихэнх нь говьд байдаг. Эдгээрийг Монгол улсад илүү ашигтайгаар боловсруулах үйлдвэр барихын тулд бидэнд ус л хэрэгтэй.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд бол эдийн засгийн мэргэжилтэй, томоохон яам, банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай 31 гишүүн ажилладаг. Улс орны эдийн засгийн асуудал нэн чухал тул манай байнгын хороо хамгийн их хуралдсан, ачаалал ихтэй байнгын хороодын нэг. Бид зээлийн хүүг бууруулах, ахмадын тэтгэврийн асуудал, авто машины урьдчилгааг нэмэгдүүлж иргэд хуучин машин авахын тулд хамаагүй зээл авдаг байдлыг багасгах гэх мэт ажлуудыг хийгээд явж байна.

Говийн бүсээс сонгогдсон 8 гишүүд хамтраад говийг усжуулах төсөл дээр их анхаарч ажиллаж байна. Говийг усжуулах бодлого хэзээнээс эхлэж, хэзээ говь устай болно гэсэн тооцоолол байгаа вэ ?

Монгол улсын эдийн засгийг бүрдүүлдэг уурхай үйлдвэрүүд ихэнх нь говьд байдаг. Эдгээрийг Монгол улсад илүү ашигтайгаар боловсруулах үйлдвэр барихын тулд бидэнд ус л хэрэгтэй. Гэвч харамсалтай нь говьд ямар ч гол, мөрөн байхгүй. Тиймээс хангайд урсаж байгаа усны ердөө 3 хувийг нь говьд үйл ажиллагаа явуулж буй тэдгээр үйлдвэр лүү явуулах санаа яригдаад 10-20 жил болж байна. Энэ хугацаанд бүх л шатанд асуудлууд тулгарч одоо ч бидэнд тулгарсаар байна. Гэхдээ 4 аймаг нэгдэж нэг бүс болсоны хэрэг юу билээ дээ, говийн бүсээс сонгогдсон гишүүд хамтраад Орхон онги, Хэрлэн тооно гэсэн 2 төсөл дээр яаралтай ажиллаж байна.  

Бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх вэ ?

Бид эхлээд хөрөнгө оруулагчдад үзүүлэх санхүүгийн тооцоолол хийх шаардлагатай. Хэдэн аймгийн хэдэн сумаар дамжиж, хэдэн усны цорго гарч ирэх вэ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод төсөлд ямар нөлөө үзүүлж, эдийн засгийн ашигтай нөхцлийг бүрдүүлэх гэх мэт олон тооцооллыг гаргана. Орхон онги төслийн ТЭЗҮ-г Оюутолгой компани, Хэрлэн тоонот төслийн ТЭЗҮ-г Монгол улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа. Үүний араас хөрш 2 орон болоод COP-17 хөрөнгө оруулагчдад хандаж хэд хэдэн бичиг баримт бүрдүүлсний дараа Монгол улсын Засгийн газрын түвшинд ярьж бүтээн байгуулалт эхлэх болно.

Хэл ам дагуулаад байгаа олон төсөл байна. Тэр төслүүд нь хэзээ ч үр ашгаа өгөх юм тодорхойгүй. Энэ төслүүдийн хажууд хүүхдийн хоолны мөнгө гэдэг юу ч биш шүү дээ.

Хүүхдийн үдийн цайны асуудал руу яриагаа шилжүүлье. Өмнөговь, Дорноговь аймгууд орон нутгийн төсвийн хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдын хоолны асуудлыг шийдчихлээ. Энэ асуудлыг та хөндөөд хэрэгжүүлчихсэн байна шүү дээ. Одоо улсын хэмжээнд сурагчдын хоолны асуудлыг шийдэх боломж бий юу ?

Монгол улсын ирээдүйн боловсон хүчин болж гарч ирж буй хүүхдүүд маань эрүүл чийрэг, бие хаа сайн байх ёстой. Үүний үндэс нь хүүхдийн үдийн цайны асуудал юм. Хүүхдүүддээ үдийн цай өгдөг дэлхийн 90 гаруй орны тоонд Монгол улсыг оруулах гээд л зүтгээд байгаа юм. Харамсалтай нь 2026 оны төсөвт оруулах гээд чадаагүй. Бид хүүхдүүдээ хооллож чадахгүй байж хэл ам дагуулсан том том төсөл ярихаасаа ичих хэрэгтэй. Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ үдийн цайнд нь санаа зовдоггүй, хоол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, шим тэжээлтэй хоол хүнс өгч байж дараа дараагийн асуудлыг яримаар байна. Бага ангийн сурагчдад өгдөг хэрнээ 6-12-р ангийн сурагчдад үдийн цай өгөх гэхээр төсөв мөнгө ярьдаг. Үнэхээр өрөвдөлтэй. Хэл ам дагуулаад байгаа олон төсөл байна. Тэр төслүүд нь хэзээ ч үр ашгаа өгөх юм тодорхойгүй. Энэ төслүүдийн хажууд хүүхдийн хоолны мөнгө гэдэг юу ч биш шүү дээ.

Хүүхдийн үдийн цайны асуудлыг 2027 оны төсөвт суулгаж чадах болов уу ?

Монгол улсын их хурлын гишүүд бүгд дэмжээсэй гэж хүсэж байна. Монгол хүүхдүүдээ анги хамаарахгүй бүгдэд нь үдийн цай өгдөг болох тухай санаачилгыг л гаргасан юм. Би Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа аймгийнхаа хүүхдүүдийг үдийн цайтай болгохын төлөө ажиллаж байсан. Одоо Өмнөговь, Дорноговь аймгууд орон нутгийн төсөв болон эцэг эхчүүд хамтраад сургууль, дотуур байр, цэцэрлэг гээд бүх хүүхдүүддээ үдийн цай олгодог. Үүнийг л улс даяар хэрэгжүүлмээр байгаа юм. Энэ асуудлаа шийдэж чадахгүй бол бид цаашдаа том том төсөл ярих нь инээдтэй хэрэг

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.