Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.04.07)-ийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явуулж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулан, тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Л.Энхнасан, Ж.Галбадрах, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Г.Хосбаяр, Н.Алтаншагай нар ажиллахаар болов.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт (ХББОС)-ын сайд Э.Бат-Амгаланд хандаж тавьсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-ийг орон сууцжуулах тухай асуултын хариуг сонсож, хэлэлцлээ.
Ирэх сард Бүгд Найрамдах Азербайжан Улсад Дэлхийн хотуудын форум (World Urban Forum 13) болох гэж байгаа тухай сайд мэдээлж, тус форумаас аргачлал, зөвлөмжүүдийг хүлээн авч, Монголын хөрсөнд буулгахаар ажиллаж байгаагаа дурдав. Дэлхий дахинд эдүгээ таван настай хүүхэд чөлөөтэй зорчиж, нийгмийн амьдралд аюулгүй, хүртээмжтэй оролцох стандарт, шаардлагыг хот байгуулалтад тавьж байгааг тэрбээр танилцуулсан юм.
ХББОС-ын сайд танилцуулгадаа, орон сууц, дэд бүтцийн байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх талаарх Нийслэлийн салбар зөвлөлийн ажлын тайлан, үнэлгээг хавсаргасан байна. Үүнд, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС), цэцэрлэгийн шат, довжоог тэргэнцэрт тохируулах ажил 75 хувьтай гэж үнэлэгдсэн бол 00-ийн өрөөнд зориулалтын бүхээг тохижуулах, шалны уналтыг тохируулах, мөн нийслэлийн хороодын барилгад судалгаа хийх зэрэг ажил тус бүр 85 хувьтай байна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулалтын төсөл, хөтөлбөрт ХБИ-ийг хамруулах бодлого, арга хэмжээг ХББОС-ын сайдын 2017 оны 26 тоот тушаалаар баталсан түрээсийн орон сууцанд хамруулж журмыг дагуу хэрэгжүүлж ирсэн байна. Тус журмыг шинэчлэн баталсан талаар сайд Э.Бат-Амгалан дурдаж, журамд ХБИ-д орон сууж хуваарилах квот 5 хувь байсныг 10 хувь болгосныг онцоллоо. Сүүлийн гурван жилд төрийн түрээсийн орон сууцанд нийт 141 ХБИ хамрагдсан талаар мөнхүү танилцуулав.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ХБИ-ийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй барилга байгууламжийг улсын комисс хүлээж авахгүй байх хуулийн шаардлагыг хэрэгжилт, мөн орон сууц, барилгыг хүлээн авах комисст ямар төрийн бус байгууллагууд оролцож, хамтран ажиллаж байгаа, төрийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа нь ХБИ-дэд хүртээмжтэй эсэхийг асууж, хариулт авсан юм. Энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Н.Алтаншагай нар мөн хөндөж, улсын хэмжээнд 94 мянган өрхөд 107 мянган ХБИ амьдарч буйг сануулан, тэдний тухай нарийвчилсан судалгааг хийж, орон сууцны хүртээмж, боломжийг нь хангаж ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ХБИ-дэд олгох орон сууцны үнийг тооцох аргачлал, итгэлцүүрийг шинэчилж, тэдний худалдан авах боломж, чадавхид нийцүүлэх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат зарим зам талбайн тохижилтыг зохих шаардлагад хүргэж сайжруулах шаардлагатайг анхааруулж, орон сууцны улсын фонд, нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, мөн барилга, орон сууцны стандартад ослын шатны асуудлыг зайлшгүй тусгах хэрэгцээ байгааг онцлов. Учир нь гамшиг ослын үед цахилгаан шат ашиглах боломжгүй байдгийг тэрбээр сануулсан юм.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн мэдээлэлд дурдагдсан, сүүлийн гурван жилд ХБИ-дэд хуваарилсан Буянт-Ухаа 2, Хангай зэрэг хотхонууд 10 гаруй жилийн өмнө ашиглалтанд орсныг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг лавлаж, цаашид хэчнээн ХБИ орон сууцанд орох талаар тодорхой тоо асуусан юм. Ирэх гурван жилд 2400 орчим ХБИ орон сууцанд орно гэсэн хариултыг Э.Бат-Амгалан сайд өгсөн бөгөөд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХКК журмын дагуу хуваарилж ажиллана гэдгийг хэллээ. Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл ХБИ-ийн 2/3 нь орон сууцны түрээс төлөх чадамжгүй, боломжгүй байдгийг хэлж, халамжийн орон сууцны бодлого хэрэгжүүлэх ёстойг өгүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах орон сууцны барилгын зураг төсөл, чанар стандартыг сайжруулах асуудлыг хөндсөний зэрэгцээ орон сууцанд орох хүсэлт гаргасан иргэдийг хэн, хэрхэн шалгаруулдаг талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулах асуудлыг түргэвчлэхийг зөвлөлөө.
ХББОС-ын сайд болон холбогдох хүмүүсээс Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа асуулт тавьсан гишүүн О.Саранчулуун үг хэлэв. Тэрбээр ХБИ-дэд орон сууцны нөхцөл, шаардлагынхаа талаар сонголт хийх боломжгүй, цаанаас хуваарилсан байшинд л амьдрахаас өөр аргагүй байна гэдгийг хэлж, төрийн орон сууцны өнөөгийн бодлого ХБИ-дийг тусгаарлаж байна тусгаарлаж байна гэлээ. Иймд зөвхөн орон сууц төдийгүй ногоон зээл, дахин төлөвлөлтийн төслүүдийг хүртээмжтэй болгож, тэдний оролцох боломжийг нээж өгөх учиртай гэсэн юм. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээг тэдэн рүү чиглүүлж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг нь халамж, тэтгэврийн мөнгөтэй нь уялдуулдаг ч юм уу, тийм уян хатан, хүнд чиглэсэн бодлого хэрэгтэй байна гээд, үүнийг хуульд тусгаж, ХБИ-дийн тэгш оролцоог хангах улс төрийн амлалт өгөхийг уриалав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
5 цаг 4 мин
-
5 цаг 21 мин
-
6 цаг 35 мин
-
9 цаг 1 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин