Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо
Үйл явдал
/
2 цаг 7 мин

 

Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх шаардлагатайг онцоллоо. Тэрээр холбогдох хууль, тогтоомж, стандарт шаардлагыг бүрэн хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалт зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг дурдав.

Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хийсэн шалгалтын талаар мэдээлэл өгч, төслийн хэрэгжилтийн явцад батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шаардлагыг бүрэн биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зөрчил илэрсэн талаар мэдэгдэв. Улмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллаж байгааг онцоллоо.

Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул Туулын хурдны замын төсөл нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын төсөл болохыг танилцуулав.

Тус төсөл нь Туул голын дагуу нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрийг хамрах юм.

Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар батлуулжээ. Үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлсийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ хэрэгжүүлэх зөвлөмжийг өгсөн байна.

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төслийн хэрэгжилттэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэв. Үүнд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах хүртэл төслийн үйл ажиллагааг түр зогсоох, мөн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шаардлагыг биелүүлээгүй асуудалд холбогдох хяналт шалгалтын арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болголоо.

Ийнхүү Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн үргэлжлүүлэх шаардлагатайг холбогдох талууд онцолж, цаашид хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр ажиллахаар болов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.