Шатахууны ХОМСТОЛ иргэдийг ТУЙЛДУУЛАХ нь тодорхой боллоо  
Ч.Үл-Олдох
Үйл явдал
/
2 цаг 19 мин

 

 

Шатахууны импорттой холбоотойгоор инфляцийн түвшин өсөж, улмаар иргэдийн бодит орлогод сөрөг нөлөө үзүүлэх байдал ажиглагдаж байна” гэдгийг эдийн засагч, судлаачид оны өмнөөс анхааруулж хэлж ирсэн.Энэ эрсдэлтэй бид хэзээ мөдгүй нүүр тулах нь тодорхой байсан. Тэр нь энэ хаврын тарчиг цагаар тохиож, хаалга тогшиж эхэллээ. Ингэснээр иргэдийн амьдралыг улам туйлдуулах нь ойлгомжтой юм. Иймд иргэд орлого, зарлагаа хянаж, төлөвлөгөөгүй худалдан авалт хийхгүй байх, том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхааралтай хандах гээд эрсдлээ тооцох шаардлагатай юм.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ээлж дараалан солигдож, Ерөнхий сайд нар огцорч, засаг бүрдүүлэх, УИХ-ын даргыг сонгох зэрэг томилгоонуудулс төрийн барьцаанд орох зэргээр төрийн ажил гацсаар энэ асуудалд анхаарч, нөөц бүрдүүлсэн эсэх  тодорхойгүй байна.

Ийм байх магадлалтайг  Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын  хэлсэн үгнээс ойлгож болно.  Тэрбээр тамгаа дөнгөж аваад “Түлш шатахууны үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, хомстол нүүрлэж, инфляц, үнийн хөөргөдөл үүсэж байна. Дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед та бүхэн сайдаар томилогдлоо.  Та бүхэн үнэн байж, тулгарсан асуудалтай шууд нүүр тулж, асуудлыг шийдэж, үр дүнд хүрч ажиллах ёстой. Ард түмэн бидний ажлыг ирээдүй цаг дээр, эхлүүлсэн яриагаар биш дуусгасан ажлаар үнэлж дүгнэнэ” хэмээсэн юм.

Тэгвэл Засгийн газрын түвшинд шатахуун, шатах тослох материалын нөөцөө сайн базаах, олон улсын ачаа тээвэр, эмийн бүтээгдэхүүн, хүнсний барааг тасалдуулахгүй тээвэрлэх чиглэлийг холбогдох газруудад өгчээ. Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзах үеэрээ энэ асуудлаар ярилцсан ч “Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал нь олон улсын эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд шууд нөлөөлж байгаа” нь хоёр талаас үл хамаарах хүчин зүйл болж байгааг тэмдэглэжээ. Үнийн энэ өсөлт нь манай улсын зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн  салбарт хүндрэл учруулах нь нэгэнт тодорхой болж байна. Учир нь замын салбар, уул уурхай, хаврын тариалалтын ажил урин дулаан оронгуут  эхэлнэ. Иймд газрын тосны бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зургаан сараас доошгүй хугацаанд худалдан авах хүсэлтэй байгаагаа Засгийн газар ОХУ-д илэрхийлээд буй. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхээр Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлүүлсэн гэхээр Монголын төр улстөржилт, халаа, сэлгээ, томилгооны хооронд л ажиллаж ирснээс биш улс орны амжин чухал асуудалд анхаарал хандуулаагүй гэж үзэж болох юм.

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.