ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 7 ЖИЛ БОЛГОЖ СУНГАСНААР АЖ АХУЙН НЭГЖҮҮД МӨНГӨН УРСГАЛАА ХЭМНЭЖ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭНЭ
Үйл явдал
/
2 цаг 18 мин

Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасан.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журамд нийцүүлэн 5 жилээр олгож байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сунгах боломжтой юм.

ХХААХҮЯ-наас хийсэн судалгаа, тооцооллоор 100,0 сая төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн  эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход болгоход жилд 8,500,000 төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсэж, хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх юм. Энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд орох эерэг нөлөөтэй.

  • Улсын хэмжээнд 108,378 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 76.2 хувь буюу 82,562 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувийг бүрдүүлж байна.
  • 2025 оны жилийн эцсийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд олгосон нийт зээлийн 1,311 нь идэвхтэй байгаа бөгөөд тэдгээрийн үндсэн зээлийн үлдэгдэл 196,2 тэрбум төгрөг байна.
  • 2009 оноос хойш нийт 7961 төслийг амжилттай хэрэгжүүлж, 937,8 тэрбум төгрөгийн зээл бүрэн эргэн төлөгдсөн үзүүлэлттэй байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.

Иймд бүс нутгийн хямрал, мөргөлдөөнд дэлхий нийтээрээ нэрвэгдэж буй өнөөгийн нөхцөлд валютын өсөлт, импортын хамаарал зэргээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шийдвэрлэхээр судалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.