Ц.ДАВААСҮРЭН: Нам нь НОВШИЙН ЮМНУУД дэвшүүлээд, иргэд мөнгийг нь авчихсан ХУЛГАЙЧАА СОНГООД БАЙХ ЮМ бол энэ байдал өөрчлөгдөхгүй
Батхуяг
Ярилцлага
/
2 цаг 55 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилсан хууль нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгаа учраас дэмжихгүй гэдэг зарчмын байр сууриа илэрхийлээд буй билээ.

Хаврын чуулган “халуухан” болно гэж нэг улстөрч ярьсан. Яг хэлснээр нь халуухан болох шинжтэй. Бие халаалт нь Ерөнхийлөгчийн санаачилсан хууль бололтой. Ер нь их адаггүй хулгай зэлгийд холбогдсон, ёс зүйгээ уландаа гишгэсэн гишүүдэд хариуцлага тооцох нь зөв юм биш үү...?

-УИХ-ын гишүүдийн шүүмжлэлд өртөөд буй энэ асуудлыг шийдэх ёстой юу гэвэл шийдэх л ёстой. Гэнэт одоо яригдаж байгаа зүйл биш. Өмнө нь ч яригдаж, хөндөгдөж л байсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжчихвэл болох юм бишүү...?

Нэгэнт сонгогдсон гишүүн чинь төрийн эрх барих дээд байгууллагад суугаад шийдвэр гаргагч болчхож байгаа юм. Нэг хүний ч зөрүүтэй парламентын гишүүд бүрдчихвэл яах вэ. Тэр нэг гишүүнээ ямар нэг аргаар элсүүлчихвэл ард түмний сонголт өөрчлөгдөнө. Төр өөрчлөгдөж, төрийн эргэлт болно шүү дээ. Тийм учраас УИХ-ын гишүүн хүнийг эгүүлэн татаж болдоггүй юм. Энэ чинь төр байгуулалцаж, төрийн хууль батлалцаж байгаа онцгой эрхтэй хүн. Төрийн эрх барьж байгаа байгууллагаас “шүд сугалж” болдоггүй юм. Төрийн эргэлт болбол яах вэ...Ийм ноцтой үр дагавартай. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хуулийн зөрчилтэй учраас би эсрэг санал өгсөн. Яагаад гэвэл бид 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлачихсан. Манай намынхан Женко Х.Баттулгын эрх мэдлийг хязгаарлах гээд л тийм юм хийсэн. Тэр нь Ерөнхийлөгч зөвхөн бүрэн эрхийнхээ хүрээнд л хууль санаачилна гээд Үндсэн хуулиар хязгаарлачихсан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн төсөлд ард түмнээ сонсоод, оруулж ирлээ гээд яриад байна шүү дээ. Тэрийг нь ч бас Үндсэн хуулийн 33.3-т бас заагаад өгчихсөн. Ерөнхийлөгч ард түмнээ сонсоод УИХ-д мэдээлэл хийнэ, санал оруулна гэж хязгаарласан. Төрийн гурван институт бие биеийхээ эрхэд халдсан агуулгаар хууль санаачилж болохгүй. УИХ-ын тухай хуулийн 4.1-т “УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно.” Мөн хуульд 36.1.1-т УИХ-ын тухай, УИХ-ын үндсэн үйл ажиллагаа, дэгийн тухай хуулийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачилна гэж заасан. Энэ чинь УИХ-ын онцгой бүрэн эрх. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл бол Үндсэн хуулийн зөрчилтэй байгаа юм. Тийм учраас би Ерөнхийлөгчийн Тамгын газрынханд та нар битгий Ерөнхийлөгчийгөө Үндсэн хууль зөрчүүл гээд байгаа юм.  Хоёрдугаар анхаарууштай зүйл нь УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудал намын дарга нарын мэдэлд шилжих гээд байна.

Ард түмний сонгосон төлөөлөгчийг зүгээр нэг намын дарга шийддэг байж хэрхэвч болохгүй. Эрх барьж байгаа аль нэг намын дарга өөрийн тааллаараа “өө чи гэмт хэрэгт холбогдсон, муу нэртэй байна” гээд сөрөг хүчнийхээ дургүй гишүүнийг тааллаараа эргүүлэн татах үндэслэл болчихно. Ард түмний сонголтыг нам шийддэг байж болохгүй. Энэ чинь Ардчилсан парламентын тогтолцоо биш болчихно. Ийм үндэслэлээр би дэмжээгүй.

За тийм байж. Таны бодлоор тэгвэл ямар аргаар, яаж шийдэж болох вэ...?

Улстөрийн намуудаа л хариуцлагажуул. Төрд сонгохоор бэлтгэж байгаа хүнээ намдаа, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг элсүүл. Төрд орохоос нь өмнө бэлд. Тэгээд иргэд яг зөв хүнээ л сонго. Шийдэх арга зам нь ердөөсөө энэ. Түүнээс биш нам нь ч новшийн юмнуудыг дэвшүүлж, мөнгө төгрөг аваад л, ард иргэд нь ч нөгөө мөнгө тараасан хулгайчаа сонгоод байвал энэ асуудал шийдэгдэхгүй.

Ямартай ч эсэргүүцэл дундуур явсаар УИХ-ын мэдэлд бүрэн шилжчихлээ шүү. Энэ хугацаанд хуулийн хэлэлцүүлэг өрнүүлээд, таны ярьсан алдаануудыг арилгах ямар боломж байна уу?

УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд энэ хуулийг өөрчлөх боломжгүй. Яагаад гэвэл санаачлагч нь биш. Би хэлээд байна шүү дээ. УИХ-ын тухай буюу бүтцийнхээ хуульд зөвхөн гишүүд л хууль санаачилж өөрчлөлт оруулж болно. Энэ хуулийг хэлэлцээд батлах юм бол УИХ өөрөө Үндсэн хууль зөрчинө. УИХ-ын гишүүд өөрсдөө ийм төрлийн хууль санаачилж батлах ёстой. Ингэвэл хуульд нийцнэ. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага учраас Засгийн газрын ч юм уу, Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж болно. Ерөнхийлөгчийг батламжлах, чөлөөлөх, огцруулах онцгой бүрэн эрх мэдэл ганцхан УИХ-д л бий. 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын эрхийг хязгаарласан хууль өнөөдөр манай Ерөнхийлөгчид л үйлчлэх ёстой  шүү дээ.

2024 оны сонгуулиас өмнө таны нэг ярьсан зүйл бол намын жагсаалтын нэрээр буруу хүмүүс төрд шургалчихна гэсэн анхааруулга, айдас байсан. Өнөөдөр жагсаалтын гишүүдтэйгээ хамт нэг танхимд сууж байна. Таны тухайн үеийн төсөөлөл, одоогийн бодит байдал хоёр хэр зөрүүтэй байна вэ?

2024 оны сонгуулиар жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон нөхдүүд дунд боломжийн хувилбарууд байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон О.Саранчулуун үнэхээр зүтгэлтэй сайн ажиллаж байна. Гэтэл бас гуя дагаж хүзүү гэдэг шиг хүмүүс мэр сэр байна. М.Нарантуяа-Нара гишүүн хэлээд байна лээ шүү дээ. найз нөхдөө, нууц амрагаа оруулчихсан гэж. Ингээд бодохоор 50/50 хувьтай л байна. Ирэх сонгуульд оруулахаар намууд “ХҮН ГАРУУД”-аа бэлтгээд байна. Тэд дараагийн сонгуулиар ороод ирнэ. Би худлаа яриагүй юм байна гэдгээ мэдэрсэн. Одоо С.Баярцогт бэлэн болчихлоо. Намын генсек жагсаалтын хоёрт бичигдээд ороод ирнэ.

Сохорсон биш завшив гэгчээр танай намын хагарал дээр сөрөг хүчин ёстой ганган тоглолт хийж хоёр УИХ-ын дарга, хоёр засгийн газар огцрууллаа даа. Олон жил улстөрд явсан хүний хувьд та ямар дүгнэлт хийх нь бас сонин байна шүү?

Манай намын хагарал дээр АН-ынхан улстөрийн зөв тоглолт хийсэн гэдэгтэй санал нийлнэ. Угаас сөрөг хүчин эрх баригч намын алдааг ингэж л ашигладаг.

Шинэ намын дарга, шинэ Ерөнхий сайдтай боллоо. Гомдогсдын талаас ч нэлээд хэдийг нь сайдын суудлаар хуурлаа. Одоо МАН-ын дотоод хагарал эв зүйдээ орж чадах болов уу?

Энэ засгийн нэр хүнд ямар байгааг надаас илүү иргэдээс асуувал шууд хариулах байх.

Хоёр хуваагдсан, өс хонзонгийн их галыг түр унтрааж чадсан болов уу?

Ээ дээ, мэдэхгүй. Их эргэлзээтэй. Би Н.Учралд  одоо л намынхаа эв нэгдлийг хангаж чадахгүй бол 2027, 2028 оны сонгуульд та нар амжилт гаргахгүй шүү гэж хэлсэн. Цаашдаа яахыг хэн ч мэдэхгүй.

Нийгэмд эрх баригч намын нэр хүнд нэлээд уначихлаа шүү?

Их л хүнд болчихлоо.  

Танай намын төрийн эрх барьсан түүхэн нэг жилд хоёр Засгийн газар огцорч, хоёр УИХ-ын дарга нь огцорсон анхны бараан түүх байх шүү, тийм ээ?

Засгийн газар огцрох бол байдаг зүйл. Чиний асуусан шиг хүнд байдлаасаа гарах гэсэн оролдлого чинь шинэ засгийн газар байгуулах алхам. Юу ч гэсэн харъя. Н.Учралыг Ерөнхий сайдаар сонголоо. Их л эргэлзээтэй Засаг байгуулагдлаа. Би хаширт хэлсэн. Сайн Засгийн газар байгуулахгүй бол нэгдүгээрт улсын ажил, хоёрдугаарт намын нэр хүнд давхар яригдана шүү гэдгийг ганцааранд нь хэлсэн. Чи огцорч болно. Намын даргын асуудал чинь их л халуун шүү гэсэн. Ний нуугүй хэлэхэд ард түмний сэтгэлд нийцсэн Засаг болохгүй нь ойлгомжтой. Хэр удахыг нь харъя! Богино настай байх юм бол намдаа хортой шүү дээ. Ямар Засаг нь огцорсон намын даргатайгаа сонгуульд оролтой биш. Хамгийн ээдрээтэй асуудал чинь энд гарч ирнэ. Ийм том хариуцлагыг Н.УЧРАЛ үүрсэн. Бүтэлгүйтэх юм бол маргааш ч эвгүй болно.

Шатахууны асуудал, эдийн засаг, данс нь улайсан улсын төсөв гээд өчнөөн юм болно. Одоо шавраас яаж гарахыг нь харъя. Аа тийм, УИХ-ын даргаа хоёр удаа огцруулсан түүх ч үүнээс өөр байхгүй. Одоо нэг зүйлийг анхаарахгүй бол болохгүй нь. УИХ-ын даргыг амархан огцруулдаг болох нь. Энэ чинь парламентын дархлаанд нь халтай.

МАН дангаараа Засаг байгуулаад явсан бол яах байсан бол гэж бодож үзсэн үү...?

Их л хэврэг Засаг бүрдэх байсан биз.

Олон жижиг намуудтай эвсэж Засаг байгууллаа. Энэ нь МАН-д гэхээсээ илүү бусад намынханд САЙДЫН СУУДАЛ БЭЛЭГЛЭХ л үйл ажиллагаа шив дээ.

Олон намын тогтолцоотой сонгуулийн чинь нэг сөрөг үр дагавар нь Засгийн тогтворгүй байдлыг бий болгодог юм. Сүүлдээ Төр тогтворгүй болох хамгийн хүнд зам руу орно. Нэг жижиг намд УИХ-д суудал авлаа, засагт сайд, дараагийнх нь УИХ-д суулаа шууд сайд. Ингэж явсаар байгаад Болгар шиг юм болно. Болгар улс дөрвөн жилийн хугацаанд долоон удаа парламентын сонгууль хийсэн. Энэ түүхийг л бидэнд ойрхон байна. Бас Герман улс байна. Олон намын тогтолцооноос болоод төсвөө 1.8 жилийн дараа төсвөө баталлаа. Манайх шиг төлөвшөөгүй улсад олон намын тогтолцоо зохихгүй гэж би олон жил ярьсан даа.

Жижиг намууд сайдын суудалтай болно гэдэг чинь намаа санхүүжүүлнэ л гэсэн үг. Ямар ч хариуцлага байхгүй, ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй жонхуурсан юм болгосны гор л гэж хэлье дээ. Цаашдаа огцрохоос айсан Ерөнхий сайдтай, олонхын дураар огцордог УИХ-ын даргатай болох ийм л дүр зураг харагдаж байна.

Ам нээвэл уушги нээ гэдэг. Та нэгэнт С.БАЯРЦОГТ гээд ярьчихлаа. Улстөрд байхдаа улс орныхоо эсрэг ажилласан улстөрчид эргэн ирэлт хийх нь тодорхой боллоо. Сайн хүний дүр эсгээд, зүсээ хувилгаад, иргэдийг дасгаж байгаад гишүүн болох нь

Оюутолгой гэрээтэй холбоотой эд нарын луйвар хэзээ ч зөв болохгүй. Буруу гэдэг нь батлагдчихлаа. 50 жил үргэлжилнэ. Ард түмэн хохирсоор л байна. Одоо хохирч л байна шүү дээ. Эд нарын нүгэл арилахгүй. Ард түмнийг гэнэн цайлган гэж бодож болдоггүй л юм даа. Ер нь бол төрийнхөө  эсрэг, улс орныхоо эсрэг хийсэн үйл амжилттай байдаггүй. Заавал шийтгэлээ хүлээнэ. Эцсийн үр дүн нь хатуу ирнэ. Би үүнд итгэдэг. Эх орноосоо урвасан нөхдүүдийн толгойг илж, өөгшүүлээд байвал бид нэг л өдөр урагшаа нэгдэнэ шүү. 1919 онд буруу үйл хийсэн Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн гайг мартаж болохгүй. Дараа нь Бадамдорж төрийн шийдвэр гаргаад чирээд явсан. Энэ бол Монголын ард түмний хэзээ ч мартаж болохгүй гашуун түүх. Хатуухан хэлье С.Баярцогт нарыг дэмжээд байвал наадуул чинь урд хөрш рүү л чирээд явна шүү гэдгийг анхааруулъя!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.