Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөө өглөө 10:00 цагт эхлэх байсан.
Тус хуралдаанаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах байсан аж. Гэвч НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах хүсэлт гаргасан тул өнөөдрийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар түр хойшлоод байна.
Харин МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдаанаа эхлүүлэхийг шаардаж, танхимдаа хүлээж байгаа юм. Өнөөдөр хэлэлцэх ёстой байсан “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төслийг хотын дарга Х.Нямбаатар боловсруулж, НИТХ-аар батлуулахаар өргөн мэдүүлсэн байна.
Тус тогтоолын төсөл нь таван заалттай, Нийслэлийн Засаг даргад даалгасан хийж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан байна. Мөн энэ хөдөлгөөнд иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагыг татан оролцуулахаар төлөвлөсөн аж.
Уг хөдөлгөөнийг эхлүүлснээр Туул гол орчимд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулж, зөрчил илэрвэл арилгуулах юм байна.
“Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тогтоолын төсөл:
2.“ТУУЛ ГОЛОО АВАРЪЯ” хөдөлгөөний хүрээнд Туул гол болон түүний сав газрын экосистемийг хамгаалах, бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй тохижилт, ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д даалгасугай:
- 2.1.голын голдирол, татам, хөндийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангуулах, усны нөөцийг хамгаалах, байгалийн горим алдагдсан байршлуудад нөхөн сэргээлт хийх, зөрчил арилгах;
- 2.2.голын бохирдлыг бууруулах, орчныг хамгаалах, гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх;
- 2.3.ундны усны нөөцийг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, голын экосистемийг сайжруулах ”Туул усан цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх судалгааг хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх;
- 2.4.Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй үүссэн лаг хагшаасыг цэвэрлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг зохион байгуулах, Туул голд нийлүүлж байгаа цэвэршүүлсэн усыг стандартад нийцүүлэх;
- 2.5.усны нөөцийн зохистой хэрэглээ, ашиглалтын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
- 2.6.хүнс үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хаягдал усаа цэвэршүүлэх урьдчилсан цэвэрлэх байгууламж барихад бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
3. "ТУУЛ ГОЛОО АВАРЪЯ” хөдөлгөөнийг бүхий л талаар дэмжин ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудад уриалсугай.
4. "ТУУЛ ГОЛОО АВАРЪЯ” хөдөлгөөнийг 2026-2030 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж, жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.
Шийдвэрлэх асуудлууд:
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрийн энгийн хамгаалалтын бүсэд 2025 оны дүнгээр нийт 35,795 нэгж талбар газар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нүхэн жорлонг буулгуулж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;
- Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 131 аж ахуйн нэгж, байгууллагаас 2025 оны дүнгээр 43 аж ахуйн нэгж, байгууллага олборлох үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд нь геологи, уул уурхай, байгаль орчны багц хуулиуд болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийж биелэлтийн хангуулах;
- Туул голд олон жилийн турш хуримтлагдсан лаг үүсээд байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэвэрлэх байгууламжийн гаргалгааны суваг Туул голтой нийлж байгаа хэсгээс доош Алтанбулаг сум хүртэл хуримтлагдсан лагийн судалгааг хийх, үүссэн лагийн хэмжээ, цэвэрлэхэд шаардагдах зардал, мөнгөн хөрөнгийг шийдвэрлэж лаг цэвэрлэх арга хэмжээ авах тус тус шаардлагатай байна.
-
4 цаг 19 мин