МАН-ын бүлэг: Нөөцөлсөн махны тал хувь нь эзэндээ хүрээгүй байна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 31 мин

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал болон цаг үеийн тулгамдсан хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн, мэдээлэл сонслоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга цаг үеийн ажлын явцын талаар бүлгийн гишүүддээ тодорхой мэдээлэл өгсөн байна. Энэ удаагийн хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын зүгээс төрийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах томоохон төслүүдийг урагшлуулахад онцгойлон анхаарч ажиллаж байгааг тэмдэглэлээ. Мөн иргэдийн амьдралын чанар, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж байгаа юм байна.

Нийслэлийн удирдлагад хариуцлага тооцох асуудал

Хуралдаанаар иргэдийн анхаарлын төвд байгаа нийслэл хоттой холбоотой асуудлыг хэлэлцжээ. Улаанбаатар хотод өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд урагшилж байгаа ч зарим төслийн хэрэгжилт дээр нийгэм, иргэдийн зүгээс гаргасан гомдол, саналын дагуу шалгаж тодруулах үүднээс түр зогсоосон барилга, байгууламжууд байгааг дурдлаа. Эдгээр асуудлыг хууль хяналтын байгуулагууд нягтлан шалгаж, үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх ёстойг сануулав.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу доод шатны засаг дарга нар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайдын зүгээс илэрхийлсэн байна. Хуулиараа засаг дарга нар тухайн нэгжийнхээ эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдралын асуудлыг хариуцаж, дээд шатны удирдлага буюу Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээдэг журамтай юм.

Нөөцийн махны хангамж ба үнийн зохицуулалт

Мөн хуралдааны гол сэдэв нь хүн амын хүнсний хангамж, тэр дундаа махны нөөц, үнийн асуудал байв. Ковидын үеэс эхлэн мах, гурил зэрэг гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд төрөөс онцгой анхаарч ирсэн. 2026 оны махны хангамж, үнийн тогтвортой байдлын талаар тодорхой мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Өмнө нь нөөцийн мах бэлтгэж нийлүүлэх компаниудтай гэрээ байгуулахдаа:

  • Үхрийн мах: 18,000 төгрөг

  • Хонины мах: 15,000 төгрөг байхаар үнийг тохирч, энэ үнээр иргэдэд хүргэхээр тооцоолж байжээ.

Гэвч өнөөдрийн байдлаар нөөцөлсөн махны бараг 50 орчим хувь нь иргэдийн гарт хүрч чадахгүй байгаа бөгөөд бэлтгэсэн компаниудын агуулахад 1,200 орчим тонн мах хадгалагдаж, зах зээлд гарахгүй байгаа аж. Цаана нь дахин 1,300 орчим тонн махны нөөцийг тодруулах шаардлага үүсээд байна. Иргэдийн гарт очсон махны хэмжээ одоогоор 2,800 орчим тонн байгааг бүлгийн хурлаар нарийвчлан хэлэлцлээ.

Ерөнхий сайдын зүгээс эдгээр нарийн тооцоо, судалгааг үндэслэн холбогдох мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна. Засгийн газар өнөөдөр үдээс хойш хуралдаж, махны үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэн, иргэд олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр тогтжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.