Нөөцлөсөн ҮХРИЙН МАХЫГ 15 мянга, ХОНИНЫ МАХЫГ 13 мянган төгрөгөөр борлуулна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 42 мин

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

"Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тогтоолоор нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тус тус даалгасан байна.

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 6.5-д нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлэхээр тус тус хуульчилсан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас арилжааны банкны зээлийн хорооны шийдвэр гарсан 9 аж ахуйн нэгжтэй нийслэлийн хүн амын 2025-2026 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 5017.0 тонн үхэр, хонины мах бэлтгэн нийлүүлэхээр холбогдох гэрээг байгуулжээ.

Энэхүү бэлтгэн нөөцөлсөн мах нь нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг бүрэн хангаагүй, түүнчлэн улирлын шинжтэй хомсдол үүссэнээс үнийн хөөрөгдөл нь инфляцид шууд нөлөөлж байгаа тул махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймээс махны хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор шаардлагатай 11.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоолд тусгажээ.

Энэ хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд худалдан борлуулсан нөөцийн хонины махны кг тутамд 1,500 төгрөгөөр, үхрийн махыг 2,000 төгрөгөөр тус тус тооцож, мах бэлтгэн нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тооцоо нийлсэн актыг үндэслэн үйл ажиллагааны зардлын зөрүүг санхүүжүүлэхээр боллоо.

Ингэхдээ нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлууд нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулахыг даалгалаа.

Нөөцийн махны үлдэгдлийг 2026 оны 05, 06 дугаар сард багтаан сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд хүртээмжтэй, тогтвортой нийлүүлж, худалдааг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллана. Ингэхдээ анх тогтоосон үнийн дүнгээр буюу хонины махыг кг тутмыг 13000, үхрийн махыг кг тутмыг 15000 төгрөгөөр тус тус борлуулах юм. Үлдэгдэл 1400 тонн нөөцийн махыг нийлүүлэхэд үүсэх зардлын зөрүүг мөн төрөөс санхүүжүүлэх юм.

Мөн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах зорилгоор махны үйлдвэрүүдээс 400 тонн хонь, үхрийн махыг зах зээлд нэмэлтээр нийлүүлэхээр төлөвлөж, үнийг зах зээлийн ханшаас хямдруулж, нөөцийн махны үнээр худалдан борлуулахад үүсэх үнийн зөрүүг 3.2 тэрбум төгрөг байхаар санхүүжилтийг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг даалгав.

Засгийн газрын тогтоолоор мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, 2026 оны 05, 06 дугаар саруудад зах зээлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх чиглэлээр шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, түгээх, худалдан борлуулах зэрэг бүх үе шатанд цахим төлбөрийн баримт үйлдэж, үйл ажиллагааны явцын хяналтын мэдээллийг Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн мэдээлэл, хяналтын дашбоард системд бодит цагийн горимоор нийлүүлэх ажлыг холбогдох байгууллага, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулахыг үүрэг болгоод байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.