Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Сангийн яам, гааль, татвар, даатгал, Хөрөнгийн бирж, Хилийн боомт, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг нээн Сангийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ дотоод, гадаад олон сорилт тулгарч байгаа ч макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалан, инфляц буурч, төсвийн тэнцэл эерэг гарсан нь төсөв, санхүүгийн сахилга баттай бодлогын үр дүн гэдгийг тодотголоо. Тэрбээр, цаашид төсөв, санхүүгийн сахилга батыг бэхжүүлж, төсвийн тэнцвэр, өрийн тогтвортой байдлыг хангах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн баазыг өргөжүүлэх, татварын орлогын тогтвортой эх үүсвэрээ бэхжүүлэхэд анхаарна гэв. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүд нь зөвхөн нийгмийн бодлого бус, эдийн засгийн стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг тэрбээр онцоллоо.

Ерөнхийлөгч, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хүчин зүтгэж буй санхүүгийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар болж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрэхэд санхүүгийн салбарынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг хэллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.Ерөнхийлөгч мөн өдөр Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Лувсанцэрэнгийн Бямбадорж, Сангийн яамны ахмад ажилтан Чулууны Алтанцэцэг, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газрын дарга Чимэд-Осорын Соронзонболд нарт Гавьяат эдийн засагч цол хүртээж, нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
-
2026-05-15
-
2026-05-15