ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХЭЛЬМУТ КУЛИТЦ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна.
Айлчлалын хүрээнд аймгийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Байгаль орчны газрын дарга Н.Гантулга, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Р.Баттүвшин нар оролцсон бол Германы талаас Элчин сайд Хэльмут Кулитц болон Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Б.Батзаяа нар төлөөлөн оролцсон юм.
Уулзалтын үеэр хэрэгжиж буй төслүүдийг үргэлжлүүлэн хамтран хэрэгжүүлэх, бэлчээрийн мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг бичил төслүүдийг хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцов. Түүнчлэн газар тариалан, усны зохистой хэрэглээ, хүлэмжийн аж ахуй, биеийн тамир, нийтийн спортыг хөгжүүлэх чиглэлээр Германы мэргэжилтэн, ахмад зөвлөхүүдийг богино болон дунд хугацаагаар ажиллуулах, туршлага солилцох, орон нутгийн хүний нөөцийг чадавхжуулах хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Дундговь аймаг болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, боловсрол, уул уурхайн салбарт тодорхой ажлууд хэрэгжиж байна.
Тухайлбал, KfW-тай хамтран Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгаль хамгаалагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ зэрлэг амьтдын судалгааны ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн тарвага сэргээн нутагшуулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.
Элчин сайд Хэльмут Кулитц айлчлалын үеэр Дундговь аймгийн Политехник коллежийн сургалтын болон дадлагын байрны үйл ажиллагаатай танилцаж, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр санал солилцов. Тус коллеж нь үсчин, тогооч, сантехникч, оёдол, мужаан, цахилгаанчин, гагнуур зэрэг мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж байгаа бөгөөд цаашид Германы талтай хамтран мэргэжилтэн ажиллуулах, туршлага солилцох боломжийн талаар ярилцлаа.
Мөн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс засал, сэргээн засах болон яаралтай тусламжийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.
Үүнээс гадна “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төслийн хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг эхлүүлээд байгаа юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Өчигдөр 11 цаг 27 мин
-
2026-05-15