Б.Мөнхбат: Ерөнхий сайд "СЭЛБЭ" төслийн ажлыг эрчимжүүл гэсэн. ТУУЛЫН ХУРДЫН ЗАМ төслийг ХӨДӨЛГӨХӨӨР ТОХИРОЛЦСОН
Батхуяг
Үйл явдал
/
30 мин

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын явц болон бусад ажлын талаар хэлэлцжээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат хэлэхдээ, “Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байна.

Туулын хурдны замтай холбоотой асуудлаар шийдэл гаргая гэж тохирсон. Сэлбэ хот орон сууцжуулах төслийг зогсоохгүй бөгөөд ямар ч асуудалгүйгээр, эрчимтэйгээр үргэлжлүүл гэдэг чиглэл өгсөн. Тэгэхээр Сэлбэ төсөл, Туулын хурдны зам, тавдугаар станцынхаа ажлыг эрчимжүүлнэ. 

Тойрог зам, трамвайн тендерийг зарласан явж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэд хэдэн төслүүд бий. Эдгээрээс харж байгаад энэ сарын 31-ны дотор буюу ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулж шийдэл олно. Шийдэл гарахгүй бол энэ төслүүдийн заримыг нь хойшлуулна" гэв. 

ҮЗЭХ:

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Дүүргийн Засаг дарга нар ногоон байгууламж, орчны тохижилт, орон сууцны барилгын гадна фасад засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
  2. Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, авто болон явган замын ажлуудыг эрчимжүүлэх,
  3. Түлшний нөөц бүрдүүлэх, татан авах, өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай зохион байгуулах,
  4. Орон нутгийн өмчийн барилга байгууламжид өөрийн эзэмшлийн байргүй төрийн байгууллагыг ашиглалтын зардлаар байршуулах асуудлыг судалж, танилцуулах,
  5. Засгийн газрын 2026 оны Мянганы сорилтын компакт гэрээгээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хаалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах,
  6. Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангах,
  7. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  8. "Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
  9. “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,
  10. Дүүргүүд худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх,
  11. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, хяналт тавихыг тус тус үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинэ 439 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендер зохион байгуулах боломжгүй 47 төсөл, арга хэмжээ байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.