Эрдэмтдийн зөвлөл ХАГАС КОКС ТҮЛШ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОТЫН УТАА БУУРСАН гэж дүгнэжээ
Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 16 мин

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлсэн. Уг ажлын үр дүнг эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцлээ. Хурлыг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал удирдаж, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд оролцсон юм.

Халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байв. Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат Улаанбаатар хотын 2025-2026 оны хүйтний улирлын агаарын чанарын харьцуулалтыг танилцуулахдаа агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцлов.

Хүйтний улирал буюу 2025 оны 10-12 сар, 2026 оны 01-04 дүгээр сарын агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх онуудын мөн үе 2024 оны 10-12 сар, 2025 оны 01-04 дүгээр сарын дундажтай харьцуулахад

PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар

Азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар

PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар

Хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарчээ.

Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бид өнөөдөр хагас коксон түлш нэвтрүүлсэн үр дүнг сонслоо. Эерэг үр дүнтэй байна. Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн.

Эрдэмтдийн зөвлөл үнэ өртөг ярихгүй. Харин итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэн хамгийн сайн чанартай түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулан, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх үр дүнг ярина. Энэ ч утгаараа өнгөрсөн жил тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байна” хэмээн дүгнээд, ирэх жилд түлшнээс гадна тархмал эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч, хий болон цахилгаан халаагуур зэрэг бусад шийдлийг судалж, хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөсөн юм.

Эрдэмтдийн зөвлөлөөс түлшний хэрэглээний тодорхой хувийг дотоодоос хангах ажлыг судалж, үр дүнг эцэслэх чиг үүргийг өгснөөр энэ удаагийн хурал өндөрлөв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.