Б.МӨНХСОЁЛ: Хог хаягдлыг үүсгэж буй хэмжээгээр нь ТӨЛБӨР АВДАГ БАЙХ нь зөв зарчим
Батхуяг
Үйл явдал
/
8 цаг 10 мин

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2026.05.26/ хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Мөнсоёл танилцуулав. Монгол Улсын хог хаягдлын менежмент, санхүүжилтийн тогтолцоо нь зөвхөн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлахад төвлөрсөн, хүний нөөц тогтворгүй, хариуцлагын механизм сул.
Иймд салбарын хөгжлийг хязгаарлаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байна. Нэн тэргүүнд хог хаягдлын санхүүжилтийн тогтолцоог шинэчилж үүсгэсэн хэмжээгээр төлөх зарчимд суурилсан төлбөрийн механизмыг бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүрэг тогтоож байгаа эрх зүйн өнөөгийн орчныг өөрчлөн, чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй байна.

Ингэснээр үйлчилгээний чанар үр ашиг дээшилж, хог хаягдал бууруулах эдийн засгийн хөшүүрэг бодитоор бий болно. Үйлдвэрлэгч импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж ялангуяа цахим цахилгаан хэрэгсэл, сав, баглаа боодол зэрэг бүтээгдэхүүний хаягдлыг эргүүлэн татах, дахин боловсруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. 

Депозит, систем, урамшууллын механизмыг нэвтрүүлэх нь чухал гэв.

Мөн орон нутгийн түвшинд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн менежмент сул, хэмжилт бүртгэлийн тогтолцоо хангалтгүй байгаа тул хэмжилтийн техник хэрэгслээр бүрэн хангаж, нэгдсэн бүртгэл мэдээллийн системийг хөгжүүлэх шаардлагатай. 

Төвлөрсөн цэгүүдийг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн иж бүрэн судалгаанд үндэслэн шинэчлэх, нөхөн сэргээх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй. 

Эдгээрийг үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл, хот, орон нутгийн хэмжээнд хог хаягдлын менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэн, хог хаягдал үүсгэж байгаа хэмжээгээр төлөх төлбөрийн шударга системд шилжиж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэрийг, үйлдвэрүүдийг татвар, урамшууллын бодлогоор дэмжин үйлдвэрлэгч импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадна гэж үзжээ. 

Иймд ажлын хэсгээс дээрх асуудлыг тусган хог хаягдлын менежментийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжив. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.