П.САЙНЗОРИГ гишүүний санаачилсан НААДМЫН ХУУЛИЙГ ДЭМЖИЖ, О.АМГАЛАНБААТАР гишүүний санаачилсан НААДМЫН ХУУЛИЙГ УНАГАВ
Батхуяг
Үйл явдал
/
11 мин

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.06.02/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Ашигт малтмалын тухай хууль, Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс болон БНЧУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээрийн төсөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл зэрэг есөн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төсөл батлагдсанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил тэгш ой тохиож байгаатай холбогдуулан улсын баяр наадамд 1024 бөх барилдуулах, тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмэх, Аймгийн баяр наадамд 16 насанд хүрсэн 256 хүртэлх бөх, аймгийн тэгш ойн баяр наадамд 512 хүртэлх бөх, сумын наадамд 128 хүртэлх бөх барилдуулах боломж нээгдэх юм. Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа 55,6 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зарим агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох зохицуулалтыг тусгасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихийг гишүүдийн олонх дэмжсэн.

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны дөрөвдүгээр дүгнэлтийг Улсын Их хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож сонсголын тов тогтоох тогтоолын төслийг баталлаа. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхар ажиллана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.