Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Батхуяг
Үйл явдал
/
26 мин

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм

“Чөлөөлье” бодлого, "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд,

-Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулах;

-Төрийн оролцоог багасгаж, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах;

-Төрийн байгууллагуудын үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг жагсааж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаалах зохицуулалтуудыг тусгажээ. 

“Энэ хууль бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм” гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Төр бизнесийн үйл ажиллагааг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй байх зарчмыг баримталж ажиллах”-ыг анхаарууллаа.

Бизнес эрхлэгчдэд эрх зүйн шинэ зохицуулалтад дасан зохицох хугацаа олгож, хувийн өмчийн халдашгүй байдал, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хамааралтай төрийн шийдвэрийн нээлттэй, ил тод байдлыг хангах нь хуулийн зорилго юм.

Тус хуулийн төсөлд тухайлбал,

·      Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байх;

·      “Цахим бизнес эрхлэгч”-ийг хуулиар зөвшөөрөх;

·      Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байх;

·      Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үүсгүүрт ашиглагдах зай хураагуур, ногоон ус төрөгчийн үйлдвэр барих болон ногоон дата төв, хиймэл оюуны дата төв барихад татварын дэмжлэг үзүүлэх;

·      Дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх,

·      Байгаль орчин, санхүү, барилга, зам, тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх,

·      Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавьж байгааг хасах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон нийт 105 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.