ХОРТ ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ БАЙГУУЛНА
Батхуяг
Үйл явдал
/
15 мин

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.06.03/-ийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Хэлэлцээрийн хүрээнд нийт 65 сая еврогийн эх үүсвэрийг авч, долоон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний төв байгуулах, Гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тоног төхөөрөмжийг сайжруулах, эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах, Улсын I төв эмнэлэг, Цэргийн болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслийг баталснаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангах, улмаар санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, иргэдийн санхүүгийн салбарт итгэх илтгэлийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй гэж хууль санаачлагчид үзэж байна. Гишүүдийн зүгээс гэрээний тэнцвэртэй байдлыг хангах, санхүүгийн гэрээ цахимжиж байгаа нь олон эрсдэлийг дагуулж байгаа. Ахмадуудад орон сууцны зээл олгохгүй байгаа асуудлыг шийдвэрлэх эсэх, бусад хуулиудад хэрхэн өөрчлөлт оруулах талаар тодруулж, санал хэлэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу нэр бүхий УИХ-ын таван гишүүнээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг сонсов. Мэдээллийн технологийн хөгжлийн талаар ямар бодлого барьж байгаа, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлсэн төлбөр тооцооны зарцуулалт, тусгай сангуудын таван хувийг тус салбарт олгох зорилт биелсэн эсэх талаар зарим гишүүд тодруулж, Е-Mongolia платформыг ашиглан иргэдэд аюулгүй байдлын талаар анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж ажиллах шаардлагатай зэрэг санал хэллээ.

Түүнчлэн Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй, ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Хиймэл дагуул хөөргөх ТЭЗҮ-ийг шинэчлэх, төслийн нийт өртгийг зөвхөн хиймэл дагуулын үндсэн өртгөөр бус нийт эзэмшлийн өртгөөр тооцох, үр ашигтай хувилбарыг тодорхойлохын тулд олон улсын шалгуураар дахин харьцуулж үнэлэх нь зүйтэй гэж үзсэн талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Анар танилцуулгадаа дурдав. Ажлын хэсгээс боловсруулсан Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.