МАХНЫ ҮНЭ мэддэггүй поп, "ШҮЛХИЙТЭЙ" сайд Ц.ИДЭРБАТАД хариуцлага тооцох уу...
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 36 мин

Ерөнхий сайд Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ тохироогоор орж ирсэн цөөвтөрхөн сайдын нэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат. Аливаа зүйл шинэхэн дээрээ сонихон гэдэг. Сайд ч ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа яамныхаа хамгийн чухал бүрдэл хэсгийн нэг Мал эмнэлгийн Ерөнхий газарт ажиллахдаа өмнөх дарга нарыг "шаварт суусан чадваргүй жолооч нар. Би үүнийг сольж чөлөөлнө" гэж байгаад эхний халаа сэлгээгээ хийсэн. Гэвч "баасан дээрээ халтирна" гэгч болов. Чухам л энэ салбарыг ПАРАЗИТУУДААС НЬ САЛГАНА гээд попроод байсан сайд жинхэнэ утгаараа энэ салбарыг шалбаагтай нь хутгачихав. Учир юу хэмээвээс Баян-Өлгий аймгийн зарим сумдад МАЛЫН ШИНЭ ТӨРЛИЙН ШҮЛХИЙ өвчин гарчихлаа. Асуудалд ноцтой түвшинд хүрч, Улсын онцгой комиссын хуралдаанд хөндөгдөж, шүлхийтэй малыг "УСТГАХААС ӨӨР АРГАГҮЙ" эцсийн шийдвэрийг гаргаж. Харин яг ажил хариуцсан сайд нь алга. Монголчууд "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал эрж олдог"  хэмээн ярьдаг. Тэгвэл мал сүргийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой, энэ салбарын паразитуудаас салгана гэж томорсон Ц.ИДЭРБАТ сайдад хариуцлага тооцох уу....

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сум, Ховд аймгийн Булган, Үенч суманд Шүлхий өвчний SAT1 хэвшил бүртгэгдэж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хамтран уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.  Шүлхий өвчний SAT1 шинэ хэвшил нь Африкийн орнуудаас Ирак, Кувейт, Турк, Египет, Азербайжан улсуудад тархсан бөгөөд манай улстай хил залгаа БНХАУ-ын Шинжаан аймагт 2026 оны 04 дүгээр бүртгэгдсэн талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. 

Өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан даруйд Мал эмнэлгийн ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газарт холбогдох чиглэлийг хүргүүлж, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн багийг томилон удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.  Тухайлбал шүлхий өвчний голомтод өвчний хүрээг тогтоох тандалт судалгаа хийх, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний шинж тэмдэг илэрсэн 581 толгой мал, амьтныг устгалд оруулах зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Ингэснээр шүлхийн тохиолдол бүртгэгдсэн сумдтай хил залгаа болон бусад сумдад одоогоор нэмж өвчний шинж тэмдэг илрээгүй тайван байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад олон улсын арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэрбээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзалт хийж, Монгол Улсад бүртгэгдээд буй шүлхий өвчний SAT1 хэвшлийн эсрэг вакцины нийлүүлэлтийг яаралтай шийдвэрлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.