ЕВРАЗИЙН эдийн засгийн худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 сарын 22-с хэрэгжиж эхэлнэ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ноос албан ёсоор хэрэгжиж эхлэхээр боллоо!

Үүнтэй холбогдуулан ЭЗХЯ, ХХААХҮЯ болон МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан “Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт семинарыг МҮХАҮТ-ын ГХБББГ-ын дарга Э.Бадамхорол модераторлон чиглүүлэв.МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нээлтийн үгэндээ, энэхүү Түр хэлэлцээр нь Монгол Улсын хувийн хэвшлийнхнээс, ялангуяа уул уурхайн бус салбарын үйлдвэрлэгчдийн хувьд гадаад зах зээлээ тэлэх, ОХУ болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын 180 гаруй сая хэрэглэгчтэй томоохон зах зээлд тарифын дарамтгүйгээр нэвтрэх түүхэн боломж гэдгийг онцолсон юм. Тэрээр хэлэлцээрийн үр шимийг бизнес эрхлэгчид бодитоор хүртэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, стандарт, техникийн зохицуулалтыг нутагшуулах зэрэг бэлтгэл ажлыг ирэх долдугаар сарын 22-ны өдрөөс өмнө шуурхай, бүрэн хангах шаардлагатайг тэмдэглэв.

Хэлэлцээр хэрэгжсэнээр ямар боломжууд нээгдэх вэ?

180 сая хэрэглэгчтэй зах зээл: ОХУ, Казахстан, Беларусь, Киргиз, Армени улс руу тарифын дарамтгүй нэвтрэх үүд хаалга нээгдэж байна. 367 нэр төрлийн бүтээгдэхүүн: Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг 100% тэглэж, зарим бүтээгдэхүүнийг 50% хүртэл бууруулна!

Эдийн засгийн өсөлт: ЭЗХЯ-ны хийсэн судалгаагаар ЕАЭЗХ-ны улсууд руу хийх экспорт 24.2% нэмэгдэж, уул уурхайн хамаарлаас гарах том алхам болно. Түр хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд дотоодын үйлдвэрлэгчид стандарт, техникийн зохицуулалтыг бүрэн хангах, мал эмнэлгийн ариун цэврийг олон улсын жишигт хүргэх бэлтгэлээ хангах шаардлагатайг оролцогчид онцоллоо. 

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр, саяхан Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох баримт бичиг болон “Хамтарсан замын зураглал”-д гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын уул уурхайн бус экспортыг дэмжих, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болох Оросын Холбооны Улс, Казахстан, Беларусь, Киргиз, Армени улсын зах зээлд тарифын хөнгөлөлттэйгөөр гаргах эрх зүйн таатай орчныг бүрдүүлж байгаагаараа стратегийн өндөр ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.