Дундговь аймгийн Гурвансайхан суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Сумын Онцгой комиссын шийдвэрээр 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн голомтын бүсийн 9 өрхийн бог малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Мөн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хашаа хороо, худаг усны эх үүсвэр болон нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж, хяналтын постуудад төрийн албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн голомтын бүс нутгийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Иймд малчид, иргэдийг голомтын бүс рүү болон бүсээс малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхгүй байх, холбогдох байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулж байна. Шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн, сэжигтэй тохиолдол ажиглагдсан тохиолдолд Шуурхай штабын 8069-2500 дугаарын утсанд нэн даруй мэдээлж, хамтран ажиллахыг хүсье.