ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ (КАРЕК) ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Удирдах албан тушаалтнуудын уулзалт 2026 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. 

Уулзалтыг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ  Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг  Монгол Улс энэ жил даргалж буйг онцлоод, Монгол Улсад хүрэлцэн ирсэн гишүүн орнуудын төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн түнш байгууллагуудад талархал илэрхийлэв.

Мөн тэрбээр “Дэлхий дахинд геополитик, гео-эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн энэхүү цаг үед КАРЕК хөтөлбөр нь үүсээд буй нөхцөл байдал, гишүүн орнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бүс нутгийн коридор холболт, худалдаа, эрчим хүч болон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирлээ. Мөн Монгол Улс 2003 онд КАРЕК хөтөлбөрт нэгдэн орсноос хойш Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран зам тээвэр, эрчим хүч, худалдааг хөнгөвчлөх, боомтын даацыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана” гэдгийг онцлон тэмдэглэв.

Тус уулзалтаар өнгөрсөн хугацаанд КАРЕК хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр амласан арга хэмжээ, санаачилгуудын хэрэгжилтийн тайланг танилцуулж, хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж буй хөрөнгө оруулалтын багц бүхий тэргүүлэх төслүүдийг хэлэлцэж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг төлөвлөх юм.

Мөн салбар хороодын хурлаас гарсан шийдвэрүүдийг нэгтгэн, ирэх 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах КАРЕК-ын Сайд нарын хурлаар батлуулах баримт бичгүүдийг эцэслэн тохиролцох юм.

Монгол Улс КАРЕК хөтөлбөрт 2003 онд нэгдэн орсон бөгөөд тус хөтөлбөрийн 25 жилийн ой тохиож буй түүхэн үед Монгол Улс хөтөлбөрийг даргалж байгаагаараа онцлогтой байна.

Өнөөдрийг хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр нийт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилттэй хил холболт, боомтын дэд бүтцийг шинэчлэх, төв болон баруун босоо тэнхлэгийн автозамыг барих зэрэг 19 төслийг зам, тээвэр, эрчим хүч, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр манай улс хэрэгжүүлжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.