Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D), ШУТИС-ийн Хүндэт доктор, Уул уурхайн салбарын Зөвлөх инженер Гэлэнгийн Ёндонд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Г.Ёндон, Монгол түмний 20 дугаар зууны бахархал, манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар 2022 онд томилогдон, улс орны эдийн засаг, хөгжлийн гол тулгуур хөдөлгөгч хүч болсон тус үйлдвэрийг амжилттай удирдан ажиллаж байгаа билээ.
Тэрээр, 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжлээр төгсөж, 2002 онд “Алтны шороон ордын нөөцийн магадлал” сэдвээр Геологи минералогийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ажил хөдөлмөрийн гараагаа Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, өнөөг хүртэл уул уурхайн салбарт 35 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.
2020-2022 онуудад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж, энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд нэн чухал ач холбогдолтой анхдагч хуулиудыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь салбарын тогтвортой хөгжлийн бодлого, цаашдын зорилго, зорилтыг хангахад чухал алхам болсон юм.
Тухайлбал, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээхийн тулд Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хууль, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулиудыг тус тус боловсруулан, УИХ-аар батлуулсан нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг төвлөрч, 2026 оны эцэст уг хуримтлал 9.6 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгаа бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн хэрэгжилтийн үр дүнд 1700 гаруй арилжаа амжилттай зохион байгуулагдаж, зөвхөн дуудлага худалдааны үнийн зөрүүгээс Монгол Улсын эдийн засагт 1.84 их наяд төгрөгийн нэмэлт орлого орсон байна.
Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан батлуулж, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хүнд үйлдвэрийн тухай хуулийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зэрэг уул уурхай, геологи, хүнд үйлдвэр, газрын тосны салбарыг тэргүүлэн ажиллах хугацаандаа авч хэрэгжүүлсэн бодлогын шийдвэр, чухал арга хэмжээнүүд нь одоог хүртэл салбартаа үр ашиг, эерэг нөлөөгөө үзүүлсээр байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, үйлдвэрийн газарт менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд хамт олноо манлайлж ажилласнаар чанар, стандартаар тэргүүлэгч “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарсан юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2022-2025 онд үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээ тогтмол өсгөж ирсэн бөгөөд зөвхөн 2025 онд хүдэр олборлолтыг 47.9 сая тонн, боловсруулалтыг 39.9 сая тонн, борлуулалтын орлогыг 4.9 их наяд төгрөг, улс орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэн 757 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж түүхэн амжилт үзүүллээ. Энэхүү түүхэн амжилтаараа Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч”, төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийг тэргүүлсэн юм.
Тэрээр эрдэс баялаг, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт 35 жил ажиллахдаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээний чиглэлээр долоон жил, үйлдвэрлэл, бодлогын хэрэгжилт, менежментийн удирдлагын чиглэлээр 25 жил, төрийн бодлого боловсруулах, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр гурван жил ажилласан мэргэжлийн уурхайчин юм.
Монголросцветмет нэгдэл, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, “Шижир алт” ХХК, Баргилтын үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зах зээлийн шилжилтийн болон тогтворжилтын үеийн хүнд эгзэгтэй цагт ч үр бүтээлтэй удирдаж ирсэн.
Монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын өнөө цагийн шилдэг менежер, бодлого тодорхойлогч, өндөр түвшний Зөвлөх инженерүүдийн нэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонгийн хөдөлмөр бүтээлийг ийнхүү төр засгаас үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Холбоотой мэдээ
-
1 цаг 42 мин
-
3 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 15 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 04 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 15 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин