Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн ажилтнуудтай уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон УИХ-ын зарим гишүүд, "УБТЗ" ХНН-ийн удирдлага, төмөр замчдын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон Хөдөлмөрийн баатар УБТЗ-ын хамт олонд тус нийгэмлэгийн 77 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлээд Ази, Европыг холбосон олон улсын тээвэр логистикийн сүлжээнд онцгой хувь нэмэр оруулж, Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдасгуур болж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд зүтгэж яваа төмөр замчид та бүхэнтэй Төрийн тэргүүний хувиар уулзаж байгаадаа баяртай байна гэж хэллээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ төмөр замын салбар цаашид ч манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүрийн нэг байсаар байж, улс орнууд, ард түмнүүдийг холбосон стратегийн гүүр болсоор байх болно гэдэгт итгэлтэй байна гэж онцлон дурдав. Тэрбээр төмөр замчидтай хийж буй уулзалтынхаа үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.
Мөн уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УБТЗ" ХНН нь Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болоод зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал коридор бөгөөд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх стратегийн чухал дэд бүтэц юм.
Нэг талд нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, нөгөө талд дэлхийн томоохон экспортлогч улсуудыг холбон оршиж байгаагийн хувьд бид газар зүйн байршлын давуу талаа ашиглан транзит улс болон хөгжих боломж бидэнд байна. Энэхүү стратегийн өндөр ач холбогдолтой салбарын хөгжилд ерөнхийлөгчийн оруулсан хувь нэмэр онцгой байр суурь эзэлж байгааг онцлох нь зүйтэй болов уу. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монгол хүний хүч хөдөлмөр, үндэсний инженер техникийн чадавх, дотоодын нөөц боломжид тулгуурлан Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт зэрэг стратегийн төмөр замуудыг ашиглалтад оруулсан нь Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон билээ. Үүний үр дүнд Монгол Улсын төмөр замын нийт сүлжээ 1115 км-ээс 2821 км болж, даруй 1.5 дахин өргөжин тэлээд байна. Энэ нь шинэ коридор, шинэ боломж, шинэ хөгжлийн гарцыг нээсэн төрийн бодлогын залгамж чанар, алсын хараатай шийдвэрийн бодит үр дүнг илэрхийлж байна гэж онцлон тэмдэглэж хэллээ..
Мөн уулзалтын үеэр "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн үг хэлэхдээ “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 16 мянган төмөр замчид, 9 мянган ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаа Ерөнхийлөгчид нийт төмөр замчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээд:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг хөгжүүлж бэхжүүлэхэд онцгой анхаарч байдаг бөгөөд Японы засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 83,7 тэрбум төгрөгийн өрийг тэглэх, нийгэмлэгийн дүрмийн санг 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, тээврийн тарифыг алдагдалгүй болгох зэрэг УБТЗ-ын тулгамдсан чухал асуудлуудыг шийдэхэд асар их хувь нэмрээ оруулсан юм.
Мөн Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын төмөр замын төв шугамыг шинэчлэх асуудлыг хөрш гурван улсын төрийн тэргүүн нарын түвшинд ярилцаж шийдсэн нь УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлээд байгааг онцлон тэмдэглэлээ.
УБТЗ-ын хамт олон сүүлийн 3 жил дараалан ачаа тээврийн шинэ дээд түүхэн амжилтуудыг тогтоож, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрээ өсгөж ирлээ. 2025 онд манай төмөр замчид 33,7 сая тонн ачаа тээвэрлэж шинэ дээд түүхэн амжилт тогтоолоо. Ачаа тээврийн түүхэн дээд амжилтуудыг тогтоосноор УБТЗ-ын орлого жил бүр нэмэгдэж байна. 2025 онд л гэхэд 1,6 их наяд төгрөгийн орлого олсон нь өмнөх оноосоо 13,8 хувиар өссөн байна.
УБТЗ-ын хамт олон цаашдаа ч төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, улс орныхоо нийгэм, эдийн засагт улам их хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно гэж хэлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол улсыг транзит улс болгох талаар хийж хэрэгжүүлж байгаа идэвхтэй гадаад бодлогын үр дүнд Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа талаар болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг УБТЗ-ын хамт олон талархан дэмжин ажиллаж байгаа талаараа ярилаа.
-
10 цаг 12 мин
-
13 цаг 39 мин
-
13 цаг 42 мин
-
13 цаг 59 мин
-
15 цаг 41 мин