Месси, Роналдо нэртэй иргэдийн тоо тус бүр 30 мянгад хүрчээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
8 цаг 6 мин

Хөлбөмбөгийн ДАШТ-ий уур амьсгал зөвхөн талбай дээр бус, шинээр мэндэлж буй хүүхдүүдийн нэрэнд ч нөлөөлж байна. Учир нь Латин Америкийн хэд хэдэн оронд эцэг, эхчүүд хүүхдүүддээ алдартай хөлбөмбөгчдийн нэрийг өгөх нь эрс нэмэгджээ.

Перу улсын Иргэний бүртгэлийн байгууллагын мэдээлснээр, сүүлийн үед шинээр төрсөн олон хүүхдэд Норвегийн шигшээ багийн довтлогч Эрлин Холандын нэрийг өгсөн байна. Харин Лионель Месси, Неймар, Криштиано Роналдо зэрэг дэлхийн оддын нэртэй иргэдийн тоо тус бүр 30 мянга орчимд хүрээд байгаа аж.

Тэр ч бүү хэл нэгэн гэр бүл хүүхдээ "Мундиаль" буюу испаниар "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" гэсэн утгатай үгээр нэрлэсэн байна. Гэвч Перугийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д оролцоогүй юм.

Мексикт ч хөлбөмбөгийн нөлөө хүчтэй мэдрэгджээ. Сошиал орчинд "Киньона Исисидра Морита Холанд Гевара" нэртэй охины төрсний гэрчилгээ олны анхаарлыг татжээ. Энэ нэр нь Мексикийн шигшээ багийн тоглогч Хулиан Киньонес, Гильберто Мора болон Норвегийн довтлогч Эрлин Холандын нэрийг хослуулсан аж. Харин "Исисидра" нь Мексикийн хөгжөөн дэмжигчдийн "Хэрвээ" гэсэн утгатай урианаас санаа авчээ. Гэхдээ уг төрсний гэрчилгээ жинхэнэ эсэхийг албаныхан батлаагүй байна.

Аргентины Сальта мужид ДАШТ-ий шигшээ тоглолтын өмнөх долоо хоногт хамгийн түгээмэл өгсөн хөвгүүдийн нэрсийн жагсаалтыг Энцо, Эмилиано, Лионель нэрс тэргүүлжээ. Энэ нь шигшээ багийн тоглогчид болох Энцо Фернандес, хаалгач Эмилиано "Дибу" Мартинес болон ахлагч Лионель Мессигийн нэртэй холбоотой гэж орон нутгийн эрх баригчид тайлбарласан байна.

Мексикийн "Sin manual para padres" подкастын хөтлөгч Фабиола Молина энэ үзэгдэл Латин Америкт шинэ зүйл биш гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр, 1986 оны ДАШТ-ээс хойш Диего Марадонагийн нэрээр хүүхдээ нэрлэх нь түгээмэл болсон бол 1990-ээд онд "Backstreet Boys" хамтлаг алдаршиж байх үед олон эцэг, эх хөвгүүддээ Кевин, Брайан гэх нэр өгдөг байсан аж.

Тэрбээр "Алдартай хүний нэрийг хүүхдэдээ өгөх нь хөгжилтэй санагдаж болох ч ирээдүйд хүүхдэд дарамт болох талтай. Хүүхдийн нэр Месси эсвэл Лионель байлаа гээд заавал агуу хөлбөмбөгчин болно гэсэн үг биш" хэмээн онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.