ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хязгаарлалтын жагсаалтад Чингис Хаан банк оржээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
50 мин

Монголбанк энэ сарын 24-нд цахим хуудсандаа дараах мэдэгдлийг байршуулжээ.

-Европын Холбооны Зөвлөлийн 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийн хүрээнд ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээтэй холбоотойгоор 17 хуулийн этгээдийг холбогдох жагсаалтад шинээр оруулсан бөгөөд тэдгээрийн дотор Чингис Хаан банк багтсан байна.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Чингис Хаан банканд хамаарах бөгөөд Монгол Улс, Монгол Улсын банкны систем, санхүүгийн салбарт бүхэлд нь чиглэсэн арга хэмжээ биш болохыг Европын Холбооны эрх бүхий байгууллага албан ёсоор мэдэгдсэн болно.

Монголбанк банкны салбарын тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд шаардлагатай хяналт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Чингис Хаан банк нь банкны системийн нийт активын 0.02 хувийг эзэлж байгаа тул уг арга хэмжээний банкны системийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөө хязгаарлагдмал гэж үзэж байна. Монгол Улсын банкны систем болон төлбөр тооцооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Монголбанк тухайн банктай холбоотой эрсдэлийг өмнө нь үнэлж, 2022.01.10-ны өдрөөс Монгол Улсын төлбөрийн системд шууд оролцох эрхийг хязгаарлах зэрэг зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Монголбанкны зүгээс Европын Холбооны шийдвэр Чингис Хаан банкны үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг үргэлжлүүлэн үнэлж, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллийг олон нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх болно.

Цаашид банк, санхүүгийн байгууллагууд олон улсын төлбөр тооцоог гүйцэтгэхдээ олон улсын хориг, хязгаарлалтад хамаарах эрсдэлийг урьдчилан үнэлж, гүйлгээний оролцогч, эцсийн өмчлөгч, төлбөрийн зориулалт, хөрөнгийн эх үүсвэр болон дамжин өнгөрөх банкны мэдээллийг сайтар нягтлах шаардлагатайг анхаарна уу гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.