М.ЭНХЦЭЦЭГ: Эрчим хүчний Б.НАЙДАЛАА сайд 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний ХУЛГАЙН ГЭРЭЭ ХИЙЖ НУУСАН
Батхуяг
Үйл явдал
/
36 мин

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн М.Энхцэцэг Эрчим Хүчний Яам(ЭХЯ)-наас зарласан говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа хүчин чадлыг заавал дурдана гэсэн байдгийг зөрчиж, хүчин чадлыг нуусан, мэдээллийг хүртээмжтэй тараагаагүй гэх зэргээр уг үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх, тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх том хүчин чадлын буюу 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг нууц байдлаар зарлажээ. 

Нэгдүгээрт Эрчим хүчний аливаа эх үүсвэр нь ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар тооцоо судалгаа нь орж, Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) нь батлагддаг. Гэтэл энэ эх үүсвэр дээр ямар ч ТЭЗҮ алга. 

Хоёрдугаарт зөвхөн өөрийн вебсайтаа тавьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, яамны цахим хуудсанд ч тавихгүйгээр энэ долоо хоногийн Баасан гарагт сонгон шалгаруулах гэж байна. 

Хамгийн ноцтой нь 600МВт хүчин чадлыг зарлаагүй. Жилдээ 1.7 тэрбум кВт/ц үйлдвэрлэх том чадлын нарны, салхин станцуудыг шалгаруулна гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл 600 МВт гэдэг хүчин чадлыг нуусан. Энэ нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг зөрчлөө. Учир нь аливаа дуудлага худалдааг зарлахдаа хүчин чадлыг заавал бичнэ гэсэн байдаг. Гэтэл хүчин чадлыг бичээгүй, зөвхөн жилд үйлдвэрлэх хэмжээг бичээд дуудлага худалдааг зарлажээ.

Том чадлын буюу 600 МВт-ын нар, салхины станц нь яагаад эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй, тусгаар тогтнолд аюултай вэ гэхээр эдгээр нь Оюутолгойг дотоодоосоо цахилгаанаар хангах зорилготой. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь нар, салхигүй бол эрчим хүч үйлдвэрлэхгүй тул Оюутолгойг найдвартай эрчим хүчээр хангаж чадахгүй. Энэ тохиолдолд Хятадын эрчим хүчний системтэй холбогдохоос аргагүйд хүргэнэ. Үүнээс улбаалан Оюутолгой, түүний ойр орчмын уул уурхайн компаниуд Өмнөговь, Дорноговь, Багануур, Чойр гээд зүүн бүсийн аймгууд Хятадын эрчим хүчний системээс бүрэн хараат байдалд орно" гэв.

Мөн тэрбээр "Аливаа төслийг эсэргүүцэж байгаа юм биш. Бид ямар төрлийн эх үүсвэр барих вэ гэдэг дээрээ онцгойлон анхаарах ёстой. Зарим төрлийн эх үүсвэр нь эрчим хүчний тогтвортой байдлыг бууруулж, хараат байдлыг нэмдэг гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ. Айл өрх, аж ахуйн нэгж, аймаг, сумын төвүүд нарны хавтан ашиглаж, эрчим хүчний найдвартай дээшлүүлж, илүү гарснаа түгээх сүлжээнд нийлүүлж орлого олох боломжтой болсон. Энэ мэтчилэн өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхой хэмжээгээр жижиг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох нь тохиромжтой" хэмээн нэмж хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.