Монгол улс ХИЛ ДАМНАСАН ЦАХИМ ЗАЛИЛАН, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг ТАСЛАН ЗОГСООХЫН тулд Хятадын талтай хамтарна
Батхуяг
Үйл явдал
/
42 мин

МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсйахан 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын эхэнд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун Монгол Улс “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д идэвхтэй, өндөр ач холбогдолтой оролцож байгаад талархал илэрхийллээ.

Мөн БНХАУ-ын санаачилгаар байгуулагдаж буй “Олон улсын цахим залилантай тэмцэх эвсэл” нь хууль сахиулах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан уялдаа холбоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо. БНХАУ “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ыг 2015 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд тус форумд 110 гаруй улс оролцож, аюулгүй байдлыг хангах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцдог олон улсын чухал талбар болсныг сайд Ван Шяохун тэмдэглэв.

Уулзалтын үеэр Монгол, БНХАУ-ын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж байгааг талууд онцолж, цаашид;

хилийн зөрчил, зөрчлийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх;

хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх;

мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоох;

олон улсын цахим залилантай тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр санал нэгдлээ.

Түүнчлэн хууль сахиулах салбарын дэвшилтэт технологи, инновац, сайн туршлагыг харилцан солилцож, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарахаар тохиролцов.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНХАУ нь мөнхийн хөршүүд бөгөөд харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтдаа хөгжин дэвших нь хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэх чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.