Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Төмөр замын Газрын дарга Б.Артур, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарын албаны хүмүүс оролцлоо.


Богд уулын урдуур Хөшигийн хөндийг дайран гарах 127,1 км урт шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан ажилласан бол “Улаанбаатар төмөр зам” ХНН уг төмөр замыг Багахангай, Эмээлт өртөөтэй холбох ажлыг хариуцан гүйцэтгэсэн юм. Уг төмөр зам нь Улаанбаатар хот өргөжин тэлэх, дагуул хот болон шинэ суурьшлын бүс бий болох, хурдтай өсөн нэмэгдэж буй экспорт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, тээврийн хэрэгцээг тогтвортой хангах, хөрөнгө оруулалт болон ажлын байр нэмэгдэх зэрэг ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.


Өргөн цар хүрээтэй инженерийн байгууламж, төмөр замын дээд, доод бүтцийг монголчууд өөрсдийн хүчээр, үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран жил гаруйн хугацаанд барьж, бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоосныг мөн тэрээр онцлон тэмдэглэж хэллээ. Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн III зэрэглэлийн төмөр зам 127 км урт, дэлгэмэл урт нь 177 км. 3 зөрлөг, 4 өртөөтэй юм.
Найман байршилд нийт 1,279 урт метр гүүрэн байгууламж барьсан байна. Үүнээс Туул гол дээгүүр 20 тулгуур, 38 дам нуруутай, 476 метр гүүр барьсан нь манай улсын хамгийн урт гүүр болжээ. Мөн төслийн хүрээнд 22 метр өндөр, 176 метр урт гүүр барьсан нь хамгийн өндөрт тооцогдож байна. Гүүрнээс гадна ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьжээ.
Төмөр зам эхний жилд 20 сая, цаашид 25 сая тонн ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэх бөгөөд энэ нь хоногт дунджаар 1800 орчим том оврын автомашин хотын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг юм. Энэ хэрээр хотын дундуур дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал, төмөр зам, автозам огтлолцдог гол цэгүүдийн ачаалал буурч, түгжрэл багасна.


-
2026-10-09
-
2026-10-08
-
2026-10-08
-
2026-10-05
-
2026-10-09
-
2026-10-05