Засгийн газрынхаа НАСЫГ УРТГАСГАХЫН ТУЛД тойргийн гишүүдэд 15 тэрбумын АВЛИГА ӨГӨХ гэж байна уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
23 цаг 56 мин

Монгол улсын Төсвийн тухай болон Засгийн газрын тухай хуулиар Засгийн газраас жил бүрийн 09 дүгээр сарын нэгэнд ирэх жилийнхээ ТӨСВИЙГ БООЖ, УИХ-д өргөн барьдаг. Тийм дээ Сангийн яам амралтгүй ажилладаг гэж Б.ЖАВХЛАН сайд мэдэгдэж байв. Ирэх жил хичнээн төгрөгөөр ямар ажил хийх гэж байгаа урьдчилсан тооцоог сангийн яам бүх шатны төрийн байгууллагууд, яам, харьяа агентлагуудаас татан авч, нэгдсэн төсвийн эхний төслийг гаргадаг. Мөн тойргоос сонгогдсон гишүүдэээс тухайн бүс, орон нутагт хичнээн төгрөгийн ямар том бүтээн байгуулалт хийхийг нь лавлаж, ерөнхий тоймыг нь авна. Энэ хугацаа өнөөдөр дуусаж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд Засгийн газарт хөрөнгө оруулалтын саналаа өгөх сүүлийн хугацаа нь энэ аж. 

Иргэдийг ой хэсэж, наадам тэмдэглэн баярлаж байх зуур УИХ-ын гишүүд Засгийн газраасаа АВЛИГА АВАХААР бочлихсон байгааг УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара, Х.Баасанжаргал нар илчилж, олны анхаарлын төвд орууллаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.БААСАНЖАРГАЛ өөрийн хөгжүүлдэг нийгмийн сувагтаа дараах мэдээллийг оруулжээ. 

Тэрбээр фэйсбүүк хуудастаа "Өнөөдөр УИХ-ын гишүүд ЗГ-т хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр. Гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл.

МАН-ын бүлгийн чатанд Даваа гаригт энэ талаар сануулсан мсж ирсэн цагаас эхлэн ЗГ-ын чиг үүрэг, төсвийн үрэлгэн байдал, Парламентын гишүүний үүрэг, Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань “байх ёстой зүйл” хэмээн мэтгэж, тойргийн иргэдийнхээ саналыг “уламжлах” үүрэг төдийгөөр тайлбарлав. Сүүлдээ жагсаалтын гишүүдийг 2,5 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын санал бичиж ирүүлж болно хэмээн Засаг дарга нарт хэлж (бидэнд огт энэ талаар мэдэгдээгүй шүү), тэднээс олон санал, хүсэлт ирэх боллоо. Тиймээс өчигдөр бүх гишүүдийн групп дээр энэ талаар бичиж Мөнхтөрийн Нарантуяа-Нара (Munkhtur Narantuya Nara) гишүүний хэлдгээр шүгэл үлээв.

Гэвч Munkhtur Narantuya Nara, бид 2-ыг юмыг зөв ойлго, энэ бол санал төдий, бид ийм л ажил хийж байж иргэдийнхээ асуудлыг шийдвэрлүүлнэ, том хулгай дээр дуугар гэх мэтээр АН, МАН-гүй чичлэв. Бид 2-ыг буруутгах нэг хэрэг, гэтэл өнөөдөр 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авах сүүлийн өдөр. Татвар төлөгчдийнхөө хөлсөө дуслуулж олдог мөнгөнд ийм үрэлгэн хандахыг тэвчиж чадахгүй.

Би өөрийн санал нийлэхгүй байгаа хэд хэдэн үндэслэлээ доор бичиж үлдээе. (Үндсэн хууль, Улс төр судлаач нар илүү шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлс бичих байх)

1. Төсвийн үр ашигтай байдал. Төсвийн орлого тасалдаж, цаашид бүгд бүсээ чангална гээд ТАХ-ын 9%-ийг цомхотгож байгаа билээ. Төлөвлөлтгүй, нэгдсэн бодлогогүй, олон жил дамнасан үр ашиггүй шийдвэр гаргалтыг зогсоох ёстой. Засгийн газар нь хаана сургууль, цэцэрлэгээ барихаа шийдэж, хөрөнгө оруулалтаа эрэмбэлж оруулж ирэх ёстой бус уу?

2. Гишүүд зөвхөн тойргийн иргэдийн эрх ашгийг илэрхийлэх ёсгүй. Бид “… нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тангараг өргөж, Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хэрэгжилтийг хянах бүрэн эрхийг л хэрэгжүүлэх үүрэгтэй.

3. Төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдана. Парламент болон Засгийн газрын Үндсэн хуулиар заагласан эрх мэдлийн заагийг бүдгэрүүлж, Засгийн газрыг хянах хүчийг сулруулж буй “хуйвалдаан” шүү дээ.

4. Сонгуулийн “авлига” -ыг бэхжүүлж буй шударга бус үйлдэл. Клиентелизмыг өөгшүүлж байна. Улс төрч, төрийн эрх бүхий хүмүүст хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхэд эрх мэдэл албан тушаалаа ашиглах давуу эрх бий болгож улмаар шударга бус улс төрийг өөгшүүлэх, авлигын нэг хэлбэр юм.

5. Шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулна. Тойрогтоо 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн хүнтэй шинэ нэр дэвшигч шударгаар өрсөлдөх ямар ч боломгүй болж, гарааны тэгш бус байдал үүсгэж, улс төрд “нөгөө л хэд” гарсаар байх болно. Бид сонгуульд итгэх итгэлээ алдаж, Монголоос зайлах тухай бодож, эх орондоо сайн сайхан амьдрах итгэлийг үгүй хийнэ.

Эцэст нь хэлэхэд сонгогчдын боловсрол үүнд хүчтэй нөлөөлж буй хэдий ч улс төрчид өөрсдөө УИХ-ын гишүүний хөөцөлдөж бариулсан барьсан барилгаар нь тэдний ажлыг хэмждэг болгожээ. Шинэ 126 гишүүнтэй парламент ЗГ-ын буруу жишгийг халахын төлөө ажиллаасай гэж хүсэж ийнхүү олон нийтэд мэдээлэл хүргэлээ" гэжээ. 

Тойргоос сонгогдсон 78 гишүүн тус бүрээс 15 ТЭРБУМЫН санал авна гэж тооцвол 1,2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН төсөвт ажил болох нь. Энэ нь наанаа УИХ-ын гишүүдийн саналыг авч байгаа хувилбар болов ч цаанаа Засгийн газрынхаа НАСЫГ УРТАСГАХ гэсэн башир арга, ХУУЛИАР ХАЛХАВЧИЛСАН ХУЛГАЙ гэж ойлгож болох юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.