ОНЫ ОНЦЛОХ “ЦҮНХ...”
З.Батхуяг
Нийтлэл
/
6 цаг 25 мин

Улиран одож буй 2025 он Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөрд олон сорилт, өөрчлөлт тулгарч, Засаг нь солигдож, Нүүрсний тээвэрлэлт түүхэн дээд амжилт тогтоосон, зээлжих зэрэглэлээр нэг шат ахисан, бензиний хомстол үүссэн, нүүрсний хулгайчид илэрсэн зэрэг олон чухал үйл явдал болов. Харин гадаад ертөнцөд Монгол залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөж, оюун ухаанаараа гайхагдаж, холимог тулаанаар АЛТАН БҮС зүүж, дэлхийн аваргын сагсны тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан зэрэг ГАЙХАМШИГ бүтээсэн билээ.

Улстөрч агентлагаас 2025 оны онцлох 5 ҮЙЛ ЯВДАЛ, ОНЦЛОХ УЛСТӨРЧИЙГ тодруулан хүргэж байна...

ОНЫ ОНЦЛОХ “ЦҮНХ...”

Олдохоороо өлдөхийн зовлон гэгч эрх баригч намд тулгарч 68-ийн бүдүүн бүлэг “ХУЛГАЙЧ- ЦАГДАА” болж хоёр хэсэг хуваагдав. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тэргүүлдэг жагсаалтын нэг талдаа гарч, нөгөө талд нь Г.Занданшатар ба Н.Учрал нарын хоршил үүсч Монгол төрийг дайвалзуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээний үндсэн дээр байгуулагдсан “ХАМТАРСАН ЗАСАГ” задарч, МАН-ынхан тоглоомын талбараас сөрөг хүчнээ увайгүйгээр хөөж гаргаснаар энэ бүх зүйлийн эхлэл тавигдсан. АН Засгаас гарснаар дараагийн ШИНЭ ЗАСГИЙН өндгөн эс Ерөнхийлөгчийн санаанд бүрэлдэж, улмаар Г.ЗАНДАНШАТАР гэдэг шатарчин хүүгээ улстөрийн өрөг дээр НОЁНЫ ӨМНӨӨХ ТҮЛХЭЖ азаа үзсэнээр үлгэр цааш үргэлжлэв.

Хааны хүсэлт ёсоор болж Л.ОЮУН-ЭРДЭНЭД итгэл үзүүлэх эсэх түүхэн санал хураалт болж УИХ-аар түүний Засгийн газрыг огцруулав. Ингээд Г.Занданшатарын тэргүүлсэн 70-д оныхны “ХҮН ТӨВТЭЙ ЗАСАГ” зангидав. Ингэснээр өмнөх Засгийн үед хэрэгжүүлж, рекламдан шоудаж байсан 14 МЕГА ТӨСӨЛ гэгч нуран унаж, “МОНГОЛ ХҮН” гэсэн ганцхан МЕГА ТӨСӨЛ хэрэгжихээр болов. Үүний хамгийн чухал зорилт нь ажилтай, орлоготой, амьжиргаатай, баялагтаа эзэн МОНГОЛ ХҮН байна гэж тунхаглан зарлав. Улмаар өмнөх Засгийн тэргүүний хүүгийн найз охиндоо бэлэглэсэн цүнх ГАЙ болов. Хүүгийнх нь баярхуу зан, бэр охиных нь онгироо зан, ҮНЭТЭЙ ЦҮНХ гурав л Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭД тэр чигээрээ гай болж, иргэдийн эсэргүүцэлд хөтлөж, төв талбайд “ОРЛОГОО НОТЛО”, “ОГЦРОХ АМАРХАН” зэрэг нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахад хүргэв. Улмаар өөрийн ах найруулагч Б.БААТАРТАЙГАА нийлж төсвийн хөрөнгө, Оюутолгойгоос орж ирсэн мөнгийг “Монгол хаан” жүжгийн олон улс дахь рекламд зориулсан нь баримтаар илчлэгдэв.

Энэ тухай үйл баримтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр улстөрийн мэдэгдэл хийхдээ дэлгэж, хууль шүүхийн байгууллагад шилжүүлж шалгуулахаа мэдэгдсэн. Хэрэг ямар шатанд явааг АТГ, ПРОКУРОРУУДААС өөр мэдэх хүн байхгүй. Цагийн аясаар ултөрийн оноо авах зорилгоор задлах л байх. Ийнхүү Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙН хүү О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ бэлэглэсэн ГАНЦ ЦҮНХ улс орон самарч, улстөр бужигнуулж, нийгмийн дургүйцлийн гал өрдөж, хадам аавынхаа УЛСТӨРИЙН КАРЬЕРТ цэг хатгачихав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.