МАН-д "ЭСЭРГҮҮ-30" бүлэг мэндэлж, төрийн ажлыг гацаав
Ч.Үл-Олдох
Нийтлэл
/
2 цаг 22 мин

                        Г.Занданшатар өргөдлөө өгч, Н.Учрал Ерөнхий сайд болов   

Эрх баригч нам өөрийн байгуулсан Засгийн газрыг хоёр дахь удаагаа огцруулж, “Хоёр, гуравдугаар ээлжийнхэн хоолондоо” гэсэн зарчмаар ажиллаж ирснийг  Ардчилсан нам ашиглав. Ерөнхий сайд нь намын дарга байх ёстой гэсэн хуулиа баримтал, цаашилбал УИХ-ын дарга нам бус байх ёстой гэсэн тэдний шаардлага энэ хаврын улс төрийг эхлүүлэв. Улс төрийн нөхцөл байдал, намынхаа дотоодод үүссэн талцалд 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар гарц гаргаж, ойлголцлын шан татсан нь чөлөөлөгдөх өргөдлөө  өөрөө гаргасан  явдал байв.

 

УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдож, түүний оронд С.Бямбацогт спикер болсон бол Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын даргын албыг  Б.Энхбаярт хариуцуулав.

Засгийн газрын болон салбар хариуцсан сайд нарын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд МАН энэ удаа Үндэсний Эвсэл, ХҮН-тай хамтарснаар Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр  Шадар сайд, ХҮН-ын гишүүн Б.Найдалаа Эрчим хүчний сайдаар томилогдлоо. Бусад сайд нарын тухайд ирж л байдаг, явж л байдаг, улирахад ч гайхах юм үгүй. Гурван засгийн нүүр үзэж буй ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайханыг хувийнхаа мөнгөөр үлдлээ гэлцсэн бол, Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайдаар томилсон нь олны хэл амны бай болоод байгаа юм.

 

                                     УИХ  даргагүй, Засгийн газар нь сайдгүй тав хоног 

Сүүлийн хэдэн жил парламентад тогтмол 60-аас дээш хувийн суудал авч эрх барьж ирсэн Ардын нам дотооддоо хоёр хуваагдан, эрх мэдлийн төлөө талцаж ирсэн түүх  давтагдав. Тухайлбал, одоогоос найман жилийн өмнө намын дарга, Ерөнхий сайдын томилгооноос үүдэн Ардын нам дотооддоо 32, 33-ын бүлэгт хуваагдаж байв. Энэ удаа УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн,  30, 38-аар талцан Ерөнхий сайдаа огцруулж, улмаар УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүдийн томилгоог “бойкотолж” гацаанд оруулав. Ингэснээр Монголын төрд 1990-ээд онд дэлгэцэнд гарч байсан “Эзэнгүй айл” киноны үйл явдал давтагдахад хүрлээ. УИХ даргагүй, 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал сайд нараа томилуулж чадалгүй тав хоносон юм.

 

                                              МАН-д мэндэлсэн  “Эсэргүү-30”  бүлэг

Ардын намын түүхэнд  “Онц их хурал хөдөлгөөн”, “Шинэ эргэлт хөдөлгөөн”, шинэчлэлийн гэх тодотголтой жигүүр, УИХ-ын түвшинд “Элсний 13” гэх фракц бий болж байв.  Энэ удаа  “Эсэргүү-30” хэмээх бүлэг тус намын дотоодод мэндэлжээ. Тус  бүлгийг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар тэргүүлж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэд  УИХ-ын даргад С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ нарыг зүтгүүлж, томилгоог гацаан, эцэст нь улс төрийн хэлцлээр С.Амарсайхан, Ч.Номин,  Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, З.Мэндсайхан нарыг сайдаар томилуулж, талцал хагарал намжсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн талцсан талуудын эрх ашгийг хангах үүднээс үү, эсвэл цаг үеийн шаардлагаар уу,  хэмнэнэ гэх уриатай Засгийн газар  маань гурван Шадар сайдтайгаар  үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

                                 УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх хүртэл...

Улс төр, бизнесийн бүлэглэл  мөнгө төлж, “кнопны” гэх гишүүдийг бэлдэн төрд шахах болсон нь нууц биш. Ийм замаар УИХ-ын гишүүн болсон, ялангуяа намын жагсалтад багтан босго давсан гишүүдийн боловсрол, ёс зүйн асуудал, авлигад идэгдсэн байдалд иргэд, сонгогчид бухимдан эгүүлэн татах ёстой гэх шаардлагыг тавих болсон.1992 оны Үндсэн хуульд энэ талаар хуульчилсан ч  хэрэгжээгүй, бусад хуулиар тэрхүү зүйл заалтыг бэхжүүлэлгүй явж ирснээс УИХ-ын гишүүн болсон бол халдашгүй дархан эрхтэй “хаан, заан” болсон мэт цээжээ дэлдэгчид олширсон нь парламентын нэр хүнд, дархлааг унагааж байгаа юм. Иймд Төрийн тэргүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хаврын чуулганд өргөн бариад буй. Хууль батлагдах хүртэл гишүүдээс юу гарахыг таашгүй. Хамгийн сүүлд л гэхэд “Шарк” хэмээн УИХ-ын Д.Энхтүвшин Хотын орлогч дарга Т.Даваадалайг Төрийн ордонд цохиж унагаасан нь дуулиан болж байна. Мөн М.Нарантуяа Нара гишүүний ёс зүйн асуудлаар 45 гомдол Ёс зүйн дэд хороонд иржээ.

                                     Х.Тэмүүжингийн өргөн барьсан хуулийг УИХ хэлэлцэнэ

 УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэх” тухай хуулийн төслийг хаврын чуулганах хэлэлцүүлэхээр  өргөн бариад буй. Уг хуульд  “Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй” гэж заажээ.

Х.Тэмүүжин хуулийн төслөө тайлбарлахдаа  “УИХ-ын дарга төвийг сахисан байх ёстой. Түүнээс биш өөрийн гарч ирсэн намын даргыг сонгодог байж болохгүй. УИХ-ын дарга намчирхах ёсгүй. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 64 гишүүний гарын үсэг авсан нэр дэвшигч УИХ-д орж ирж, саналаа хураалгах ёстой. Аль нэг нам, бүлгийн шийдвэрээр биш. УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаа хүн нэр дэвшиж, санал хураалтаар УИХ-ын дарга болох ёстой. Энэ зарчмыг бид хатуу баримтална” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл уг хуулийн төслийг УИХ пүрэв гарагт хэлэлцэх юм. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.