Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг МАН-ынхан эсэргүүцэв
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар хэлэлцсэн нь маргаан дэгдээж, эсэргүүцэлтэй тулав. ҮҮнд хамгийн их нөлөөлсөн нь хууль санаачлагчийг төлөөлсөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал гишүүдтэй мэтгэлцэхдээ “Доктор хамгаалахдаа дүнгээ гуйж тавиулсан” хэмээн Б.Жаргалан гишүүнд ёс зүйгүй үг хэлснээс үүдэн гишүүд бухимдсан юм. Гишүүд шүүмжлэх байр сууриас түлхүү хандаж хэлэлцүүлэг сунжран хоёр өдөр хэлэлцсэний эцэст АН уг хуулийн төсөл дээр завсарлага авснаар энэ долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэхээр хойшлуулсан юм. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль эрхээ хэтрүүлж, “хаан, заан” гэгч болоод буй гишүүдэд дохио, сануулга өгснөөрөө сайн талтай. Гэвч УИХ хүлээж авахгүй байх сөрөг талтай юм.
Харамсалтай нь А.Бямбажаргалын ёс зүйгүй үг, үйлдлийн уршиг хуулийн төсөл дээр тусаж шүүмжлэл өрнөж буй юм.
Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор гараад буй сөрөг ойлголтуудад ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг тайлбар өгөхдөө "Нийгэмд яригдаад байгаа шиг дараах агуулгууд хуулийн төсөлд тусгагдаагүй болно. Нэгдүгээрт, “Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна” гэх ойлголт үндэслэлгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн гишүүн өөрөө санаачилж “эгүүлэн татах” эрхгүй. Гуравдугаарт, намын дарга дангаараа гишүүн “эгүүлэн татах” эрхгүй. Харин намын дээд байгууллага санал оруулж, УИХ-д нээлттэй хэлэлцүүлэхэд УИХ-ын ёс зүйн дүрмээр авч хэлэлцэхээр тусгагдсан. Эдгээр агуулгыг хэлэлцэж, засаж сайжруулах эсэх нь Улсын Их Хурлын 126 гишүүний онцгой бүрэн эрхийн асуудал юм” гэв.
АН-ын ҮБХ-ны хурал үүргээ гүйцэтгэж чадсангүй
Ардчилсан намын ҮБХ-ны хурал УИХ-ын чуулганы ирцэд нөлөөлж, давхцан хуралдсан ч үүргээ гүйцэтгэж чадсангүй. Учир нь тус нам генсек, намын дэд дарга нарын асуудлаар нэг сарын завсарлага авлаа. О.Цогтгэрэл намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэвээр үлдсэн бол түүний фракц Нийслэлийн намыг авсанд бүлэг, фракцууд нь дургүйцэж түүнийг эсэргүүцэж байна. Учир нь О.Цогтгэрэлийн хүн гэдэг өнцгөөс АН-ын генсект нэр дэвшсэн Д.Амарбаясгаланд гишүүдийнх нь олонх итгэл үзүүлсэнгүй.Хэдийгээр түүнийг генсек байх чадвартай, зохион байгуулагч, намын эв нэгдлийг хангаж чадна гэсэн байр суурийг цөөнгүй гишүүн илэрхийлсэн ч ийнхүү үр дүнд хүрсэнгүй.
Ирэх онд Ерөнхийлөгчийн, түүний дараа жил УИХ-ын сонгууль болно. Дараалсан хоёр том сонгуулийн өмнө АН ийнхүү эв нэгдлээ зангидаж чадахгүй бол дахин ялагдана гэсэн үг.
Намын экс дарга Н.Алтанхуяг нь бүлэглэл, фракцуудынхаа эв эеийг олж, “наалдан пад” шиг нааж байгаад 2012 онд намаа ялуулсан бол Лу.Гантөмөр тамганы зодоонтой талаар нэг тарсан АН-ыг албан тушаал, нэр дэвших мандатаар “хайрцаглаж” байгаад 2024 оны сонгуульд хүчтэй цөөнх болгосон. О.Цогтгэрэлийн үед ҮБХ нь хуралдсан ч үр дүнгүй, хэлэлцэх асуудлаа бүтэн сараар хойшлууллаа.
Татварын өртэй 12 мянган аж ахуйн нэгжийн дансыг нээв
Ерөнхий сайд Н.Учралын танхимын эхний шийдвэр татварын өртэйн улмаас хаагдсан 12.100 компанийн дансыг нээв. Түгжигдсэн дансанд орлого орж ирэх нь нээлттэй ч зарлага гаргаж болдоггүй. Зарлага гаргаж байж, орлого олж, компани, бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж, татвар, зээл, цалин, бусдад өгөх төлбөрөө төлөх боломж үүсдэг. Тиймээс эдийн засгийн эргэлтийг хэвийн үргэлжлүүлэхэд аж ахуй нэгжүүдийн дансыг нээсэн нь нэг ёсондоо чөлөөлөлт болж байгаа юм.
Н.Учрал УИХ-ын дарга байхдаа “Чөлөөлье” санаачилгыг эхлүүлснээр бүх салбарт дарамт, хүнд суртлыг арилгах хөдөлгөөн өрнөсөн. Тэгвэл энэ удаа хувийн хэвшилд хаагдсан дансыг нэг сарын хугацаатай нээж, чөлөөлөлтийг эхлүүллээ. Нөгөөтэйгүүр энэ нь түлш шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэлийг сөрж, эдийн засгаа идэвхжүүлэх зорилгыг агуулжээ.
Сайд нар салбартаа томилгоогоо эхлүүллээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газраас найман сайдыг танхимдаа үлдээж, 11 сайдыг шинээр томилсон. Тэгвэл шинэ сайд нар салбартаа хийх томилгоогоо эхлүүлээд байна. Энэхүү томилгооны салхийг Шадар сайд Н.Номтойбаяр хагалж, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч З.Болдбаатарыг чөлөөлж, оронд нь Т.Есөнтөмөрийг томилсон юм. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтох авлига, албан тушаалын хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж буй тул Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнийг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв. Түүний хувьд өмнө нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан юм. Шинээр томилогдсон сайд нарын зүгээс яамандаа хийх халаа сэлгээ цаашид ч үргэлжлэх бололтой.
-
2026-04-10
-
2026-04-10
-
2026-04-10
-
2026-04-10