НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР ГЭЖ үгтэй шүү, түшээд минь!!
Батхуяг
Нийтлэл
/
2026-06-24

Иргэд олон нийт сонгосон гишүүдээсээ хариуцлага нэхэх болсон нь сайшаалтай. Учир нь саналаа өгч сонгож, төрд дэвшүүлсэн нөхдүүд нь итгэл эвдэж, сэтгэл хөргөөд байгаатай холбоотой. Хүн тэгээд хэлж буй үг, гаргаж буй үйлдлээсээ шууд танигддаг. Ялангуяа төрийн хүний үг цөөн ч утга мэргэнтэй, үйлдэл хянамгай ч агуулга ихтэй байх нь зүйн хэрэг.

УИХ-ын гишүүд хулгай хийгээгүйсэн бол хэн ч тэднийг хулгайч гэхгүй. Тэд ЖДҮ сангаас хулгай хийгээгүйсэн бол, Хөгжлийн банкийг тоноогүйсэн бол, найз нөхдийн хамаарлаараа 33 тэрбумыг “шамшигдуулж” аваагүйсэн бол, намын сүлжээгээрээ нэгдэж төрийн эрхийг хууль бусаар авах “60 тэрбумын хэрэг”-ийн сүлжээг үүсгээгүйсэн бол, нүүрс тээврийн экспортод “нугалаа” гаргаагүйсэн бол Монголын ард түмэн тэднийг муу хүн, 126 худалч, авлигач гэж  харааж зүхэхгүй шүү дээ.

Улсын их хурал бол төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Энд зөвхөн хууль л хэлцэлэнэ. Гэтэл шөнө оройгүй хуралддаг чуулган, байнгын хорооны хуралдаан дээр гишүүд “хар захын наймаачид” шиг аяглаж биенийгээ “хуц, уль”, нохой гахайгаараа дуудалцан, бузар булхайг дэлгэж ярьдаг болсон. Түүнчлэн ялтан гэмтэн гэж шүүхийн тогтоол гарахаас өмнө цоллож, нийгэмд муу нэртэй, луу данстай нэгэн мэтээр алдаршуулдаг. Иргэд ч яг хэрэгтэй чухал хуульд анхаардаггүй хэрнээ “хэрүүл уруул, муудалцаан маргаан”-д ихээхэн ач холбогдол өгч, хэдэн зуугаараа дэмжин магтаж, шэйр хийж, хараалын үгтэй коммент бичиж, АН, МАН-аараа талцан хуваагддаг.

Нийгмийг олонх бүрдүүлж, цөөнх удирддаг. Манай улс 3,6 сая иргэнтэй. Тэдний 1,3 сая нь ажилчин анги буюу хөдөлмөр эрхлэгч, баялаг бүтээгчид. 850 орчим мянга нь ахмад настан. 1,5 орчим нь хүүхэд. Үлдсэн нь гадаадад хөдөлмөр эрхэлж буй. Монгол улсын иргэдийг удирдан чиглүүлж, төрийн жолоог атгаж буй 126 гишүүнтэй. Уг хангалттай хөрөнгө мөнгөтэй, гадагшаа дотогшоо явж, галуу шувууны мах идэж үзсэн, өндөр боловсролтой, дээд ёс зүйтэй, соёлтой, итгэл үнэмшил, үзэл бодолдоо чанга хүмүүс гэж бодоод төрд төлөөлөх эрхийг олгосон. Өөрөөр хэлцэл иргэдийн олонх нь сонгогдох эрхээсээ татгалзаж сонгох эрхээ эдлэж, төлөөлөгчдөө төрд илгээдэг. Тэднийхээ араас төрийн минь сүлд өршөө гэж залбиран үйл хэргийг нь даатгадаг.

Гэвч сонгогдсон түшээд маань заримдаа ч халагламаар үг хэлж, сэтгэл сэвтээх нь элбэгшлээ. Хууль санаачилж, батлуулж байгаа нь сайшаалтай ч нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэгчээр хуудуутай, ойлгоход бэрх, хэрэгжихэд амаргүй хууль батлуулж ядарсан “улны иргэд”-ийнхээ сэтгэлзүйгээр наадаж байгаа нь харамсалтай. Монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн ярьдаг. Энэ нь эхлээд зөв хүн, сайн хүн болж төлөвш. Дараа нь гэр бүлтэй болж, ахуй амьдралаа тэгшитгэ. Үүний дараа төрдөө зүтгэж, Монгол улсынхаа хөгжилд сурч мэдсэн, уншиж судласан, үзэж харсанаа үлгэрлэж, арга туршлагаасаа хуваалц гэсэн санаа. Үндсэндээ дээрх зүйр үг дотор Монгол Улсыг ямар хүн, хэрхэн удирдах ёстой вэ гэдэг үндсэн ухагдахуун агуулагдаж байгаа юм.

Гадаадад сурч, нэр алдартай сургууль төгссөн байгаад ч нэмэргүй юм. Багадаа олж авсан суурь хүмүүжил, өндөр ёс суртахуун гэдэг л хүний амьдралын хэмнэлийг цааш тааруулдаг нь бичигдээгүй үнэн. Нэгэн жишээ УИХ-ын дарга одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг “хулгайч бацаан, аятайхан байгаарай” хэмээн чуулганы танхимд загнаж байв. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ам зөрөхдөө “ухамсарын шанаа” өгч ч байсан удаатай. Одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнээтэй муудалцан “Нийгмийн даатгалын сан хулгай хийнэ, Дархан гурил тэжээлийн элеватор хулгай хийнэ” гэх зэргээр хэрэлдэн муудалцаж байсан. Хамгийн ойрын жишээ бол Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд “ЁС БУС” үг хэлж байсан. Хэдхэн хоногийн өмнө П.Сайнзориг гишүүн ангийнхаа нэг эмэгтэй гишүүнийг “мал минь чи, эргүүтээд байгаа ч” хэмээн зүй зохисгүй бүдүүлэг үг хэллэг ашиглан “доромжилсон” тохиолдол бий.

Эдгээрээс юуг онцолж хэлэх гээд байна вэ гэхээр хууль тогтоогчдод “ЁС ЗҮЙН ХИЧЭЭЛ” заадаг болъё. Тэднийг үг яриа, үйл хөдлөл, өмссөн зүүсэндээ анхаардаг болгоё. Хууль батладаг өргөөндөө хараал хэлдэг байж хэрхэвч таарахгүй. Чуулган, байнгын хорооны хуралдааныг найман настай балчираас наян настай буурай, эх орны дөрвөн зүг найман зовхист бүгд үздэг.

Үгүй ядаж л “Монгол комент”-ын Билэгээ, Пүүжээ хоёр давтаж үзүүлдэг. Ийм учраас хараалын үг, зүй бус үйлдэл нь олны ой тойнд тогтдог. Ямар сайндаа л сургуулийн хүүхдүүд “төрийн ордонд хулгайчууд суудаг” гэж ярих вэ дээ.  “Хүүхэд нохойн доог болно” гэдэг чинь тэр. Ийм учраас хэлж буй үгэндээ хариуцлагатай болмоор байна. УИХ-ын гишүүн, төрийн жолоо атгасан, бодлого боловсруулж, хууль батлалцсан гэх сайхан алдрыг “хулгайч, луйварчин” гэх нэрээр сольж байгааг одоо анхаарах цаг болсон. Хэрэв ингэхгүй Улсын Их Хурал гэх бус улсын их хулгайчууд гэгдэх болно. Үг амьтай гэдэг.

Учир ийм тул чуулган, байнгын хорооны хуралдаанд ёс бус үг хэлсэн гишүүнд хатуу анхааруулга өгч, дараагийн чуулганд оролцох эрхийг нь хасах, нийгэм, олон нийтэд ёс зүйгүй үг хэлсэн хэмээн зарлаж донгодох зэрэг хариуцлагажуулах арга хэмжээ авахгүй бол энэ мэт жижиг үйлдлүүд ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНДИЙГ өдрөөс өдөрт унагаж, улам хүчгүй, жижигхэн, хэюрэг болгон харагдуулж байгаа юм. Монголчууд ярьдаг даа. “Ам бөх бол амь бөх” гэж. Амаа мэдэж ярихгүй бол хирээ гайхуулсан гутамшиг л болно доо. Цаашдаа анхаарвал соёлтой, ёс зүйтэй гишүүд улам хариуцлагатай болно.  Хүн нэрээ, тогос өдөө гэдэг чинь ийм учиртай. Төр их бат, ёс их хүнд шүү, төрийн түшээд минь ээ!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.