Дундговь аймгийн ХУЛД сумын 10 айл ОРОН СУУЦАНД орлоо
Батхуяг
Үйл явдал
/
9 цаг 59 мин

Дундговь аймгийн Хулд суманд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилгоор 10 айлын орон сууцыг сэргээн засварлаж, ашиглалтад орууллаа. Өвлийн тэргүүн сарын шинийн 8 буюу арван нэгдүгээр сарын 17-ны өдөр орон сууцны түлхүүрийг төрийн албан хаагчдад гардуулан өгсөн бөгөөд ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцов.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг онцоллоо. Тэрээр “Нээлттэй Дундговь”, “Хүний нөөцийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах, ипотекийн зээлд хамрагдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, орон нутагт шилжин ирж ажиллаж буй албан хаагчдыг түрээсийн орон сууцаар хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцолсон юм.

Хулд сумын төрийн албан хаагчдын орон сууцны барилгын зураг төслийг 2023 онд боловсруулж, 2025 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 220 сая төгрөг, сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 306 сая төгрөг буюу нийт 526 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэн засвар, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлжээ.

Анх 50 хүүхдийн дотуур байрны зориулалтаар ашиглагдаж байсан тус барилга сүүлийн 20 орчим жил ашиглалтгүй байсныг ийнхүү сэргээн засварлаж, орчин үеийн орон сууцны шаардлагад нийцүүлснээр 10 өрх тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдлээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд болон орон нутгийн төрийн үйлчилгээний хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.