Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо өнөөдөр (2026.06.25) хуралдлаа. Хуралдааныг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар даргалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Ж.Галбадрах, Б.Хэрлэн, А.Ганбаатар, Ц.Мөнхтуяа, Г.Хосбаяр нар оролцов.
Дэд хорооны хуралдаанаар шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, бодлогын дэмжлэгийн талаарх Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Тус салбарт 20 гаруй хууль тогтоомж, дүрэм журам хэрэгжиж буй бөгөөд 2024 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчлэн баталж, удирдлага, бүтэц, санхүүжилтийн тогтолцоог шинэчилснээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн гэдгийг тус яамны Төрий нарийн бичгийн дарга И.Батхүү танилцуулав. Өнгөрөгч 2025 оны байдлаар 66 эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 6919 ажилтан ажиллаж байгаагийн 1754 эрдэм шинжилгээний ажилтнууд бөгөөд 56.9 хувь нь эрдмийн зэрэг, цолтой гэдгийг тэрбээр мэдээлж, сүүлийн дөрвөн жилд судлаачдын тоо өссөн боловч 1990 онтой харьцуулахад гурав дахин буурж, 1.0 сая хүнд ногдох судлаачдын тоо Азийн дунджаас гурав дахин, Финлянд Улсынхаас 14 дахин бага болсныг хэллээ. Энэхүү хүний нөөцийн асуудал салбарын хамгийн тулгамдсан сорилт болж байгааг тэрбээр онцолсон юм. Судлаачдын цалин, нийгмийн баталгаа инфляцтай уялдахгүй байгаа нь чадварлаг залуу эрдэмтэд гадаадад шилжих, хувийн хэвшилд ажиллах шалтгаан болж байгаа юм. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас цалингийн шинэчлэл хийж 2025 онд 15 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд 2027 он гэхэд дундаж цалинг 3.5 сая төгрөгт хүргэх зорилт тавьжээ.
Энэ онд салбарын нийт санхүүжилт 156.4 тэрбум төгрөг болсон ч үүний ердөө 10.0 тэрбум төгрөг буюу 6.4 хувь нь судалгаа хөгжүүлэлтэд ноогджээ. Салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий ердөө 0.1 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн дунджаас 15-20 дахин бага юм. Судалгааны нэг төслийг дунджаар 14.8-19 сая төгрөгөөр хэрэгжүүлж байгаа нь чанартай судалгаа хийхэд хүрэлцэхгүй тул 2029 он гэхэд судалгаа хөгжүүлэлтийн зардлыг ДНБ-ий 1.5 хувь, 2030 онд 2.0 хувьд хүргэх шаардлагатайг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдав.
Манай эрдэмтдийн олон улсын хэвлэлд нийтлүүлсэн бүтээлийн тоо 1990-ээд оныхоос 10 дахин өсөж, 2025 онд дэлхийн хамгийн том эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээл, эшлэлийн мэдээллийн сан болох Scopus-д бүртгэлтэй бүтээл 11840-д хүрч, Азид 21 дүгээр байранд орсон байна. Мөн 2025 онд 504 өндөр импакттай өгүүлэл, 136 патент, 62 шинэ технологи, 76 бүтээгдэхүүн гаргажээ. Гэсэн хэдий ч Дэлхийн инновацын индекст манай улс 2020 оны 58 дугаар байрт жагсаж байсан бол 2025 онд 78-д орж, 20 байр ухарсан байна. Экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж хангалтгүй, түүхий эдээс хэт хамааралтай байгаа бөгөөд ДНБ-д эзлэх дунд, өндөр технологийн үйлдвэрлэлийн хувь ердөө 6.6 хувь байгаа нь дэлхийн дунджаас долоо дахин бага үзүүлэлт юм.
Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барьж байгуулах ажлын гүйцэтгэл 71.4 хувьтай байна. Нийтдээ 4.8 га талбай бүхий, 74300 м² ашиглалтын талбайтай энэ цогцолбор сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн салбарт хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. Гэвч лабораторийн тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь 1990 оноос өмнөх үеийнх тул судалгааны үр дүнгийн олон улсын өрсөлдөх чадвар хязгаарлагдмал хэвээр байгаа ажээ.
Цаашид судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилтийг нэмэгдүүлж, эрдэмтдийн цалин ба нийгмийн баталгааг сайжруулах, авьяастан болон гадаадад байгаа судлаачдыг татан оролцуулах, хувийн хэвшлийн инновацын хөрөнгө оруулалтыг татвар, санхүүгийн хөшүүргээр дэмжих, лабораториудыг шинэчлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр технологи, мэдлэг шингэсэн экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү дүгнэн хэллээ.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Ц.Мөнхтуяа нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд улс орны хөгжлийн бодлогын асуудалд Засгийн газар шинжлэх ухаанч бусаар хандах хандлагатай байгааг шүүмжилж, судалгаа хөгжүүлэлтийн зардлыг хэрхэн нэмэгдүүлж ДНБ-ий 1.0 хувьд хүргэх, өмнөх жилүүдэд энэ салбарт зарцуулсан хөрөнгийн өгөөж ямар байгаа, инновацийн индексийн ухралтын хариуцлагыг хэн хүлээх зэрэг тодорхой асуудлаар асуулт асуусан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Дэд хорооны дарга С.Зулпхар нар үг хэлж, хүний нөөц, нийгмийн баталгааг хангах, Шинжлэх ухааны Академийн эзэмшилд байгаа газар дээр орон сууцны барилга барьж эрдэм шинжилгээний ажилтнуудыг орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэх, 2012 оноос хойш нэмэгдээгүй судалгаа хөгжүүлэлтийн зардлыг гурав дахин өсгөх, хүрээлэнгүүдийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг тодорхой асуудлуудад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ. Дэд хорооны дарга С.Зулпхар судалгаа, шинжилгээний ажлын өртгийг зөв тооцож, зардал санхүүжилтийг тогтоохгүй бол үр дүн гарахгүй гэдгийг онцлон анхааруулав.
Мэдээлэлтэй холбогдуулан гаргахаар төлөвлөсөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг Дэд хорооны дарга С.Зулпхар танилцууллаа. “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” уг тогтоолын төсөлд шинжлэх ухаан, технологийн салбарыг улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засаг, инновац, үйлдвэрлэлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх талаар өгөх чиглэлүүдийг тусгасан байна. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээр гаргасан саналуудыг тогтоолыг төсөлд нэмж тусгахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
1 цаг 27 мин
-
Өчигдөр 16 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
2026-06-19
-
2026-06-19