УБТЗ-ын ажилтнууд Японд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдана
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 2 мин

Өнөөдөр УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга М.Цогт Японы зүүн төмөр замын соёлын сангийн гүйцэтгэх захирал Ясуюки Сасаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж санал бодлоо харилцан солилцлоо. Мөн талууд Японы Зүүн төмөр замын соёлын сангаас жил бүр зохион байгуулдаг Нөхөрсөг сургалт буюу Fellowship хөтөлбөрт болон Давтан сургалт буюу Follow up хөтөлбөрт УБТЗ-ын ажилтнуудыг хамруулах тухай гэрээнд гарын үсэг зурав.

“УБТЗ” ХНН-ээс энэ жил Нөхөрсөг сургалтад болон Давтан сургалтад зохион байгуулагч талаас ирүүлсэн сэдвийн дагуу 8 ажилтан сургалтад хамрагдахаар шалгаруулалтад оролцсоноос Зураг төслийн төвийн замын инженер Э.Түвшин “Нөхөрсөг сургалт -2026”-д оролцохоор сонгон шалгаруулалтад тэнцэж сургалтад хамрагдахаар бэлдэж байна. Харин Давтан сургалтын шалгуурт тэнцэх ажилтан байгаагүй тул энэ жил УБТЗ-аас хамрагдах бололцоогүй болжээ.

“УБТЗ” ХНН болон Японы зүүн төмөр замын соёлын сантай 1997 оноос ажилтан сургах чиглэлээр хамтран ажиллаж байна. 1997 оноос хойш төмөр замын үндсэн мэргэжлүүд болох хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ, хөдөлгөөн зохион байгуулалт, дохиолол холбоо, замын засвар үйлчилгээ, мэдээллийн технологи, төмөр замын бус бизнес зэрэг чиглэлүүдээр Нөхөрсөг сургалт буюу Fellowship хөтөлбөрт 40 ажилтан, Давтан сургалт буюу Follow up хөтөлбөрт 18 ажилтан суралцсан байна. Ирэх 2027 онд Японы зүүн төмөр замын соёлын сантай хамтын ажиллагаа эхэлсний 30 жилийн ой тохиох юм.

Мөн 2004-2008 онд Японы зүүн төмөр замын богино хугацааны олон улсын төмөр замын курс (JR East International Railway course )-д 7 ажилтан, 2001 онд дунд шатны менежерийн сургалтанд (Middle manager course) 2 ажилтан, 2006 онд гүйцэтгэх удирдлагын сургалт (Fellowship Executive)-д 1 ажилтан суралцжээ. УБТЗ-аас эдгээр сургалтад хамрагдсан ажилтнууд Японы төмөр замын ололт амжилт, орчин үеийн техник технологи, барилга байгууламжийн зохион байгуулалтын талаар мэдлэгийн хүрээгээ тэлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.