Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотноо 2026 оны 07 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” дурсгалт газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
Хүннүгийн эзэнт гүрэн нь өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төвлөрөн оршин тогтнож, Төв Азийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, нүүдэлчин ард түмний хүчирхэг төр улс байсан бөгөөд Хүннүгийн эзэнт гүрний үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг улс төр, эдийн засаг, худалдаа, харилцаа, соёлын тогтолцоо нь хожмын нүүдэлчдэд уламжлагдаж, нүүдлийн сонгодог соёл иргэншлийг цогцлоох язгуур үндэс болсон юм.
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвд Ноён уул, Гол мод - 1, Гол мод - 2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Чихэртийн зоо гэсэн 6 дурсгалт газарт орших Хүннүгийн язгууртны оршуулгын газрууд оржээ.
Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганаар Дэлхийн өвд бүртгэгдсэн дээрх дурсгалт газруудад шинжлэх ухааны суурь судалгаа хийх, хүн төрөлхтний соёлын орон зайд эзлэх түүх, соёлын хосгүй үнэ цэн, ач холбогдлыг археологийн баримт хэрэглэгдэхүүнээр баталгаажуулан тодорхойлоход дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид олон арван жил оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн бөгөөд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачид голлох хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү гүрний язгууртнуудын оршуулгын цогцолбор дурсгалууд Дэлхийн соёлын өвд амжилттай бүртгэгдлээ.
Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол улсаа төлөөлөн ажиллаж буй багийн бүрэлдэхүүнд ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор(Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор(Ph.D) Н.Батболд, Салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Ж.Баярсайхан нар оролцож байна.
Энэхүү түүхэн үйл хэргийн талаар Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн “Бид Хүннүгийн соёлын өвийн дурсгалт газруудын гол цөм нь өнөөгийн Монгол улс болохыг дэлхийд баталгаажуулан зарлаж чадлаа. Мөн Хүннүчүүдийн соёлын өв нь зөвхөн Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний үнэ цэнтэй соёлын өв гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрүүллээ. Энэ чухал ажлыг бүтээхэд хамтран ажилласан Монгол улсын төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, олон улсын шинжээчид, бусад бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн цохон дурдаж, баярласан сэтгэгдлээ хуваалцлаа.
-
9 цаг 17 мин
-
Өчигдөр 17 цаг 52 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 25 мин
-
Өчигдөр 17 цаг 02 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин